ОХУ-ын БНБУ-ын Кабанск дүүргийн нутаг дэвсгэрт Улаан-Үүд хотоос 225 км-т орших Байгаль нуурын эрэг дээрх Танхой тосгонд 2018 оны 6-р сарын 21-24 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Экологийн Бизнесийг Дэмжих Зуны Сургуулийн (ШЭПР) сургалтанд  ОХУ-ын 21 баг, Монголын байгаль орчны иргэний зөвлөл \МБОИЗ\-ийн баг гээд нийт 22 баг оролцлоо.

Тус  сургалтын хөтөлбөрийн эхний өдөр төслийн танилцуулгын үзэсгэлэн худалдаа, хоёр дахь өдөр баг тус бүр төслийн товч агуулгаараа уралдаж  мэргэжилтэнүүдийн асуултанд хариулсан бол  3 дахь өдөр ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 20 гаруй мэргэжилтэнүүд сургалт өгч, багууд өртөөлчилсэн буухиа тэмцээнд оролцож даалгавар гүйцэтгэсэн. Зуны сургалтын сүүлчийн буюу 4 дэх өдөр нь нийт оноогоороо эхний 10 байрт шалгарсан багууд хөрөнгө оруулагчидтай уулзаж төслөө танилцууллаа.

МБОИЗ-ийн баг “Хаягдал шилийг үйлдвэрлэлд ашиглах нь” төслөөр сургалтанд оролцсон. Анх 2018 оны 3-р сард орон нутгаа хогноос салгах аянг Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийн тэргүүн, “Саян” телевизийн гүйцэтгэх захирал Б.Энх-Уянга санаачилж, эко клубын 500 гаруй ахлах ангийн сурагчид 2 өдрийн дотор 20 мянган архины шил цуглуулж, эндээс хаягдал шилийг дахин ашиглах, боловсруулах талаар анхны санаа төрсөн байна.

Хаягдал шилийг үйлдвэрлэлд ашиглах нь” төслийн удирдагчаар МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Ч.Хонгорзул ажиллаж, багийн гишүүд тус тусын үүрэгтэйгээр оролцлоо. Төслөөрөө дамжуулан хэд хэдэн шийдлийг танилцуулсан бөгөөд эхний ээлжинд хаягдал бүхэл шилийг ахуйн хэрэгцээнд малын хашаа хороо, хүлэмж зэрэг энгийн барилга байгууламж барихад ашиглах, цаашид инноваци шингэсэн орчин үеийн технологийн дагуу хаягдал шилийг хямд төсөр, хог хаягдалгүй, эргэн ашиглах боломжтой, Монгол орны уур амьсгалд тохирох барилгын материал үйлдвэрлэхэд түүхий эд болгох үндэслэлийг дэвшүүлсэн.

Төсөл Баян-Өлгий аймагт хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд хаягдал шилийг хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгүүд байгуулан цуглуулах уламжлалт аргаас гадна шил тушаах автомат машиныг оруулж ирэх нь бас нэгэн ухаалаг шийдэл болох талтай. Автомат машинд шил тушааснаар бэлэн мөнгө бус нийгмийн үйлчилгээ авах хөнгөлөлтийн тасалбар гарч ирэх нь маркетингийн шинэлэг санаа гэдгээр шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа. Шинээр байгуулагдах ААН нь нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхэлж, нутгийн иргэд, олон нийтийн дунд хог хаягдал, экологийн хандлагыг өөрчлөх зардлыг хариуцахаар тусгасан.

Монголын баг Экологийн Бизнесийг Дэмжих Зуны Сургуулийн 4 өдрийн сургалтанд анх удаа хамрагдсан нь тус хөтөлбөрийн хувьд түүхэн явдал болсон төдийгүй 22 багаас нийт дүнгээрээ старт-апп төслийн жагсаалтанд 5-р байранд бичигдлээ. МБОИЗ-ийн төлөөллийн хувьд сургалтын үеэр Буриадын багийн гишүүдтэй мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэнүүдээс үнэтэй зөвлөгөө авсан үр дүнтэй байсан ба төслийн саналаа хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжоор хангагдсан.