Уул уурхай, эрчим хүчний төслүүдийг дэмжих зорилгоор Монголын томоохон голууд дээр далан барих төсөлд Дэлхийн банк санхүүжилт хийж байгааг Орос ба Монголын бүлгүүд эсэргүүцлээ.

Бүлгүүд ДБ-ны Хяналтын Зөвлөлд Байгаль нуурт шууд заналхийлэх төслүүдийн талаар гомдол гаргажээ.

2015 оны 3-р сарын 2

Улаанбаатар – 2-р сарын дундуур, ОХУ, МУ-ын нутгийн бүлгүүдийн төлөөлөл – хэд хэдэн байгаль орчин ба хүний эрхийн ТББ-дын хамт – Дэлхийн банкны хараат бус хариуцлагын нэгж Хяналтын Зөвлөлд нь хянан шалгах өргөдөл гаргажээ. Гомдол нь Монголын Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл(MINIS)-ийн үйл ажиллагаатай холбоотой аж. Тухайлбал, Шүрэнгийн УЦС мөн Орхон-Говь ус шилжүүлэх төслүүдийн хувьд Дэлхийн банк өөрийн Үйл ажиллагааны бодлого  OP 4.04-ын Байгалийн нутаглах газар (Natural Habitats)-бодлогоо үл харгалзан нэн ховордсон, устах аюулд өртсөн ан амьтан бүхий голуудын сав газарт усан далан барих төслүүд боловсруулах явцад техникийн туслалцаа үзүүлэх сонголт хийсэнтэй холбоотой гомдол юм.

Дэлхийн банк одоогоор зөвхөн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн судалгааны даалгаврыг санхүүжүүлж байгаа хэдий ч дээрх судалгаануудыг ДБ хийсэн нэрийдлээр эдгээр нийтийн сайшаалыг хүлээдэггүй төслүүдийг зөвшөөрсөн тамга хэмээн үзэж барилгын ажлыг эхлүүлэхээс гомдол гаргагчид, тэднийг дэмжигч ТББ-ууд (Greenpeace Russia, Хил Хязагааргүй Гол Мөрөн, ОХУ, Монголын эрдэмтэд)  эмээж байна.

"Дээрх төлөвлөгөөнүүд нь МУ, Буриад хоёрын томоохон гол болох Сэлэнгэ мөрний экосистемд туйлын аюул учруулаад зогсохгүй ЮНЕСКО-гийн Дэлхийн өв санд бүртгэгдсэн Байгаль нуурт ч аюултай. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын гол цутгал гол юм. Нуурын фаунад сөргөөр нөлөөлөх, гидрологийн горим ба цаг уурыг өөрчлөх болон бүсийн газар хөдлөлтийн эрсдлийг нэмэгдүүлэх аюултай. Дэлхийн банк өөрийн мэдээллийг ил тод байлгах бодлого, төсөл хэрэгжүүлэх явцын хяналт, байгаль орчин ба нийгмийн хамгааллын бодлогуудаа үл ойшоож байна. Дэлхийн өв сангийн Хороонос МУ-д нэг бус удаа хандаж тус конвенцийн хүрээнд “Конвенцийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт буй үндэсний өв санд шууд болон шууд бусаар хохирол учруулах арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй” гэдгийг сануулсан гэж ОХУ-ын Гринпийс мэдэгдэж байна.

Шүрэнгийн УЦС-ыг Сэлэнгэ мөрөн дээр барих бөгөөд энэ нь Рамсарын конвенцид олон улсын чухал намгархаг нутгаар бүртгэгдсэн Сэлэнгэ голын дельтад сөргөөр нөлөөлнө. Үүний адил Орхон голын усыг асар урт хоолойгоор хойноос урагшаа Өмнийн говийн хуурай уурхайнуудыг хангах зорилготой татах гэж байна. Усан хоолой нь дэлхийд томоохонд орох тул гидрологууд Орхон гол (Сэлэнгэ мөрний цутгал гол) нь ийм ус шилжүүлэлтийг давж чадахгүй гэж үзэж байна.

Энэ голуудын сав газарт хэрэгжүүлэх аль ч төсөл нь Сэлэнгэ мөрний сав газрын биологийн төрөл зүйлд сөргөөр нөлөөлж, улмаар Байгаль нуурын орчим амьдрах Буриадын уугуул хүмүүс болон МУ-ын таван аймагт оршин суух нүүдэлч малчдын амьжиргааны уламжлалт байгалийн нөөцөд хохирол учруулна. 

“Хэрэв баригдвал, усан далангууд нь нэн ховордсон загас – Сибирийн шивэр хилэм, Тул, Зэвэг, Байгаль нуурын Цагаан загас, Байгаль нуурын Цагаан хадран -МУ-ын болон Байгаль хамгаалах олон улсын холбооны Улаан номонд орсон загасны нүүдэллэх зам ба нутаглах чухал газруудыг боох юм. Голын экосистемд өөрчлөлт орсноор Сэлэнгэ мөрний биологийн төрөл зүйл доройтож устах эрсдэлтэй. Усан далангийн тогтмол усанд шороон тунадас хуримтлагдах, ёроолд нь явагдах органик бодисын ялзрал нь хүлэмжийн хий ялгаруулахын зэрэгцээ голын эхэнд явагдаж буй уурхайн ажиллагаанаас усанд хүнд металлууд хуримтлагдана. Дэлхийн банк, Монголын Засгийн газар хоёр эдгээр эрсдлүүдийн аюулыг үл харгалзаж байна” гэж Хил хязгааргүй гол мөрний Др. Евгений Симонов тайлбарлав.

“Орхон голын усыг шилжүүлэх төсөл нь Таван Толгой, Оюу Толгой г.м. уурхайнууд, мөн бусад хэрэглэгчдэд 1000 км урт хоолойгоор ус түгээх зорилготой. Барилгын явцад асар их хэмжээний эвдрэл учруулж усгүйдүүлэхээс гадна усны үнэ нь нутгийн иргэд малаа эсвэл үр тариагаа услах зорилгоор авч дийлэхгүй өндөр үнэтэй байх юм. Энэ нь уурхайн компаниуд ялалт байгуулах усны төлөөх дайн өдөөх аюултай төсөл. TT-н нэг компанийн төлөөллийн хэлснээр “төслийг боловсруулах явц манай уурхайд хангалттай ус түгээхээр төлөвлөж байна уу эсвэл замдаа нийгмийн ба ХАА-н бусад хэрэглэгчдэд өгөөд дуусах байна уу гэдэгт ажиглалт хийж байна гэсэн. Оруулсан хөрөнгийг эргүүлж төлөх шаардлагад шахагдах тул таван аймгийн малчид, тариачид энэ ус хүртэх тэмцэлд ялах магадлал бага”  гэж Оюу Толгойн Хяналт ТББ-ын Д. Сүхгэрэл дүгнэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here