Манай улс 2012 онд Байгаль орчны багц хуулийг батлаж эрх зүйн орчныг сайжруулан олон улсын амьтан хамгаалах зохистой ашиглалтын чиг хандлага, өнөөгийн амьдралын практик шаардлагуудад нийцүүлэх цогц арга хэмжээ авсны нэг хэсэг нь Ан агнуурын бодлогын шинэчлэл хийсэн явдал юм.

Нүүдэлчдийн олон зууны түүх соёл уламжлалын нэгээхэн хэсэг болсон ан агнуурын өв соёл нь төвлөрсөн төлөвлөгөөт болон зах зээлийн эдийн засаг гэсэн нийгэм эдийн засгийн эрс тэс үе шат, сорилтуудыг даван туулж хөгжлийнхөө эгзэгтэй цаг үед тулж ирээд байгааг Ан амьтны хомсдол,зэрлэг амьтныг  мөнгө болгож хардаг наймаачид, амьтдыг тархац, идээшил нутгаар нь шахаж ад үздэг шинэ монгол малчдын сэтгэлгээ,  хурдан жип, байлдааны  буугаар зэвсэглэсэн “Үзүүрийн” гөрөөчдийн аархал бахархал, ховор амьтдаа валют, бензиний мөнгө болгож л байвал хамаагүй болсон аймаг сумдын хурган дарга нар, нөхөрлөл нэр зүүсэн зарим иргэний захиалгын нэгдэл, УИХ-ын гишүүд, сайд дарга нарын хуруу гар дүрсэн хуйвалдаан зэргээс бэлхэнээ харж болно.

Уг нь 2012 оноос Ан агнуурын бодлогын шинэчлэлийг хийхдээ ан агнуурын бүс нутгуудыг тогтоон тэндэх амьтны нөөцийг нутгийн иргэдийн болон талуудаас оролцоотой хамгаалах менежментийг бий болгох эхлэлийг тавьсан нь саяхан. Энэ нь олон улсад  туршигдан ашиглаж буй байгаль хамгааллын арга зүй болох Байгаль хамгаалах практикийн нээлттэй стандартын зарчмуудад тулгуурласан эрх зүйн баримт бичгүүд болох “Ан агнуурын менежментийн  төлөвлөгөө боловсруулах  заавар”, “Аймгийн болон агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах үлгэрчилсэн загвар”-ыг 2013 онд Байгаль орчны Төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан юм.

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Амьтны тухай хууль”-иудын холбогдох заалтууд, тэдгээртэй  холбогдон гарсан журмуудын дагуу Ан агнуурын  шинэ менежментийн нилээд өөрчлөлтүүд хийгдэж байгаа ч энэ шинэчлэлийн амин сүнс болсон Агнуурын бүс нутаг  тогтоох, Ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулж батлах, Агнуурын бүс нутгийг хариуцан ажиллах сонирхогч, оролцогч талуудын түншлэлийн  хэлбэрүүдийн зохицол, зохистой ашиглах тоо толгойг тогтоох, амьтандаа ээлтэй байх менежментийг сонгох зэрэг ажил орон нутагт холион бантан” гэгч болж байгаад шүүмжлэлтэй хандахаас аргагүй.  Жирийн иргэдийн хувьд Ан агнуурын менежментэд эрс өөрчлөлт хийж байгаа мэт харагдавч үнэндээ орон нутагт хийгдэх менежментийг зохих ёсоор нь нягт нямбай хийж, иргэд олон нийтийн хяналтын дор нээлттэй ил тод байдлыг хангахгүй бол шинэчлэлийн нэр барьсан нугалаа завхрал газар авч эцэст нь Монгол орны  ховор ан амьтад, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирч, өмнө нь мөрдөж байсан хувилбараасаа ч дордож мэдэхээр байна.

Учир нь 2013-2014 онуудад орон нутагт хийгдсэн Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн  52 дугаар зүйлийн заалтууд, 52.1-д заасны дагуу нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар танилцуулж баталсан нотлох баримттай байсан тохиолдолд тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг нөхөрлөлийн менежементийн төлөвлөгөөнд тооцох ёстой.

Гэтэл энэ шаардлагыг хангасан ан агнуурын менежментийн төлөвлөгөө нэг ч байхгүй байгаа нь сумдын  Засаг дарга , нөхөрлөл, аль аль нь өнгөрсөн хоёр жилд хууль зөрчсөн гэсэн үг. Хууль журмаараа бол нөхөрлөлийн гишүүдийн 70 хувиас доошгүй ирцтэй хурлаар хэлэлцэн баталсан Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга нөхөрлөлийн менежментийн хүчин төгөлдөр төлөвлөгөө гэж хүлээн авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой.

Хэрэв хуулиа зөрчсөн бол орон нутагт байгалийн нөөц түүн дотроо ан амьтныг төрийн нэрийн өмнөөс хамгаалах халдашгүй байдлыг нь хангах хэнтэй ч хуваалцахгүй үүргийг хүлээсэн сумын Засаг дарга нартай хариуцлага тооцож  огцруулах хүртэл арга хэмжээ авах  эрх нь тухайн шатны иргэдийн хурал, Байгаль хамгаалах Ерөнхий чиг үүргийн яаманд бий.

Тэгэхээр юу гэх гээд байна вэ? гэхлээр Шийдлийн Засгийн газрын Ерөнхий чиг үүргийн яам болох БОНХАЖЯам, Сайд Д.Оюунхорлоос Тусгай зориулалтын ан агнуур гэж нэрлэгдэх ховор амьтад болох Аргал угалз, тэх, буга, идлэг шонхор зэрэг амьтдыг гадаадын анчдаар агнуулах, барих  менежментэд онцгой анхаарч зөрчил дутагдлыг  яаралтай арилгахад эргэлт гаргах ёстой гэсэн шаардлагыг Байгаль орчны иргэний зөвлөл, амьтны  эрх хамгаалах байгууллагаас анхааруулж байгаа хэрэг. Тэгвэл өнөөдөр манай улсад Тусгай зориулалтын ан агнуурын менежментийн хэрэгжилтэнд ямар алдаа  завхрал байгааг  баримтаар дэлгэе. Бас алдаа завхралыг арилгах, гарах гарцыг ч БОНХАЖЯ-тай хамтран хайж шийдвэрлэх болно.

“ Амьтны тухай хууль ” 26.3-т заасны дагуу Төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Засгийн газар тогтоодог. Энэ дагуу БОНХАЖЯамнаас Ховор амьтдыг тусгай зориулалтаар гадаадын анчдад агнуулах, барих  амьтдын тоо хэмжээний саналыг тухайн орон нутгийн Байгаль орчны газрын санал,  агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө, амьтны нөөц, хяналтын үнэлгээнд үндэслэн гаргах ёстой. Гэвч сүүлийн 3 жилд энэ зарчим алдагдан орон нутгийн санал, ан агнуурын менежментийн төлөвлөгөө, амьтны нөөц хяналтын үнэлгээг үл харгалзан  УИХ, Засгийн газар, Гадаад хэргийн яам, зарим орнуудын найрамдлын нийгэмлэгээс нөлөөлөх, зарим сумын Засаг дарга нар, нөхөрлөлийн ахлагч, агнуурын компанийн захирлууд хуйвалдан авилга авч өгөлцөх, тохироо хийх арга хэрэгсэл болгон тусгай зөвшөөрлийг агнуурын амьтныг агнах, барих тоог үндэслэлгүйгээр  тогтоох, нэмэх зэргээр хууль бус үйл ажиллагаа явагдсаар байгааг Байгаль Орчны иргэний зөвлөлийн Биологиийн олон янз байдлын хороо,  амьтны эрх хамгаалах байгууллагаас удаа дараа анхааруулсаар ирсэн ч байдал хэвээр үргэлжилж сүүлийн үед улам даамжиран улмаар хуйвалдааны далд хэлбэрт шилжин олон улсын конвенциор  хүлээсэн үүргийг зөрчих, засварлах, тусгай хамгаалалттай газруудад халдах оролдлогууд гарах болсныг иргэний нийгмийн хяналт оролцоотойгоор яаралтай засч залруулах шаардлагатай байна.

Тухайлбал 2013, 2014 онуудад жил бүр агнуулах Аргаль Угалз, Тэх, гадаадад гаргах Идлэг шонхорын тоо толгойг үндэслэлгүйгээр нэг дахин нэмж  2014 онд тусгай зориулалтаар агнах Аргаль Угалзын тоог 28, Тэхийг 41 байсан бол 2015 онд Аргаль Угалзын тоог 40, Тэхийг 60 толгой болгон  нэмсэн. Нэг жилийн дотор олзворын агнуурын шаардлагыг хангах үзүүлэлт /троффей/ ийм амархан нэмэгдэх үндэслэл байхгүй. Аргал угалз, тэхийн  эвэр жилд дунжаар 2,5 см орчим л нэмж ургадаг. Зуншлага сайтай жилд хааяа 4-5 см ургах нь бий. Нөгөө талаар захиалагч ААН-ийн захиалга хөрөнгөөр хийгдэж буй агнуурын менежментийн төлөвлөгөө, нөөц тогтоолт нь захиалагчийн хүсэлт тоо хэмжээг  хангаж, үндэслэлгүй тогтоодог гэж үзэх үндэслэлтэй. Энэ сонирхол дээр сумын засаг дарга нараас валют олох сонирхол нэмэгддэг нь нууц биш.

Жилд агнах Угалз, Тэхийн тоо хэмжээг  тогтоохдоо Амьдрах чадвартай тоо толгойн хэмжээ, популиацын нөхөн үржлийн хувь хэмжээ, байршил нутаг дахь аюул , дарамт, нөлөөлөл, зах хязгаар, алслагдсан тасархайтсан популяцийн онцлогийг  тооцдоггүй. 2015 онд агнуулах 40 толгой Аргаль Угалзын  тоонд 2011 онд ТХГН-ийн Байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан Говь-Сүмбэр аймгийн Чойрын богд ууланд “Влук Монгол”  ХХК-д 2 толгой Аргаль Угалзын зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлах ёстой. Дархан цаазтай болгож хамгаалалтад авч байгаа юм бол тэнд буй ховор амьтнаас агнах нь ямар ёс зүй вэ.

Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад өмнө нь нэгэнт хийгдсэн хуваарийг дахин төлөвлөлт хийх нэрээр өөрчилж өөр ААН-д хуваарилан Хаврын хурдан морины уралдааны хөрөнгөд хандивлах, гэж байгаа гэсэн мэдээлэл манайд ирснийг сэтгүүлчдийн эрэн сурвалжлах групп томилон тодруулах болно.

Түүгээр зогсохгүй Ирвэс судлах нэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Амарсанаа захиралтай “Экологи Шим мандал нийгэмлэг” гэгч ТББ-ийн захиалгаар нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийг гадаадын анчдад агнуулах, үүний тулд Монгол улсын элсэн орсон  CITES-ийн конвенцын Үндэсний зөвлөл, УИХ-ын БОХХАА-н Байнгын хороонд шахалт үзүүлэх бусармаг үйл ажиллагаа эхэлж үүндээ ирвэс бүхий зарим аймгийн Засаг дарга /Говь-Алтай аймаг/ нарыг татан оролцуулж байна.

Мөн 2014 онд Увс аймагт “МАТ ТУР” ХХК агнуур хийлгэхдээ 2 Угалзыг давхар буудагдсан байдлаар санаатайгаар агнуулж Монгол улсын холбогдох хууль журмыг зөрчиж Монгол улсын амьтны аймагт ноцтой хохирол учруулсныг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас торгох төдий арга хэмжээ авч байхад хуучнаар БОНХЯ хариуцлага тооцоогүй байх жишээтэй. Агнуур хийх агнуурын бүс нутагтаа ан амьтан хамгаалах, биотехнекийн арга хэмжээ авдаггүй хэрнээ бодит бус менежментийн төлөвлөгөө хийж ангийн хуваарь авдаг компаниуд байсаар байгааг цэгцлэх цаг нэгэнт болсон байна. Тэрч байтугай:

-Агнуурын компаниуд тухайн жилд агнуур хийсэн тохиолдолд л ан хийх агнуурын бүс нутагтаа хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлдэг, бусад үед тус бүс нутаг, амьтнаа, нөхөрлөлөө тас мартдаг.

-Нэг агнуурын бүс нутагт давхардуулж, гэрээ, төлөвлөгөө хийлгэж хоёр аж ахуйн нэгжийг уралдуулж сумын Засаг даргын гарыг аль илүү хүндрүүлснийг нь сонгож будлиан тарьдаг зөрчил дутагдлууд  орон нутагт амь бөхтэй оршсоор байна.

Монгол Улсын Засгийн газраас Ховор амьтан болох Идлэг шонхор шувууг  “ Монгол төрийн бахархалт шувуу ”  болгон 5 жилийн хугацаанд популяцийг нь өсгөх хамгаалалтын цогц арга хэмжээ авсан өөрийн шийдвэрээ сүүлийн 2 жил  зөрчиж 2013 онд 15 толгой, 2014 онд 30 толгой Идлэг шонхорыг Арабын орнуудад “бэлэглэл” гэдэг  хаана ч байхгүй нэрийн дор улс төрчид, бизнесийн бүлэглэлийхний лоббид автан хууль зөрчин гаргасан. Энэ  хууль зөрчсөн үйл ажиллагаанд БОНХЯаманд УИХ-ын БОХХАА байнгын хороо, Катар-Монгол, Кувейт- Монголын найрамдлын  нийгэмлэгүүд шахалт үзүүлэн хамгийн гол рольд Гадаад Хэргийн Яам тоглосон нь Монголын Шонхорыг БОНХЯам биш Гадаад хэргийн яам мэддэг болсон гэхэд хилсдэхгүй.

Тусгай хамгаалалтын ан агнуур ховор амьтдын хамгааллын асуудалд хууль бус бусармаг үйлдлүүд давтагдан, сүүлдээ  УИХ-ын гишүүд эрх мэдэлтнүүд оролцсон сүлжээ үүсээд байхад байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2013 онд  улсын төсөвт орсон 48,3 тэрбум төгрөг, 2014 оны 50тэрбум төгрөгөөс ердөө 10 хүрэхгүй хувь нь зориулалтаар зарцуулагдаж 2014 онд тусгай зориулалтын агнуурын нөөц ашигласны төлбөр хураамжийн орлогод 1 тэрбум гаруй төгрөг төвлөрснөөс Хэнтий, Дорноговь, Өвөрхангай аймгуудаас бусад нь төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулсан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл тул энэ асуудалд иргэний нийгмийн байгууллагууд хамтарсан хяналт үнэлгээ хийж дүнг олон нийтэд  хүргэх болно. Тусгай зориулалтын ан агнуурын  менежментэд оршсоор байгаа эдгээр дутагдал доголдлыг арилгахад Байгаль орчны иргэний зөвлөл, Биологийн олон янз байдлын хорооноос БОНХАЖ-тай хамтран эрэн сурвалжилах сэтгүүлчид хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага тулгарч байна.

МБОИЗ-ийн тэргүүн                      С.Дамдинсүрэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here