Ноён уулыг тусгай хамгаалалтад авах, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Хамгийн сүүлд өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг долоо хоногоор хойшлуулсан.

Өнөөдөр Ноён уулын асуудлаар БОНХАЖЯ-нд сайдын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг хийв.

Тус хуралдаанд БОНХАЖ-ын сайдын зөвлөх, Ойн судалгаа хөгжлийн төв, Туул голын сав газрын захиргааны газар, МБОИЗ-ийн төлөөлөл, “Байгаль дэлхийгээ аваръя” ТББ, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, “Ногоон загалмай нийгэмлэг” ТББ, Химийн үндэсний хороо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

 Ноён уулын газар нутагт хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгийн талаар ШУА-ийн доктор Б.Оюунгэрэл тайлангаа танилцуулав.

Түүний мэдээлснээр хориотой болон ашиглалт, хамгаалалтын бүс тус хэсэгт оршдог. Мөн хэд хэдэн голд цутгадаг Хараа гол бий. Гэтэл ийм газарт уул уурхайн олон лиценз олгогдсон нь байгаль дэлхийд ихээхэн хохирол авчирна. Тиймээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах нь зөв.

Ингэхдээ 11 мянга биш 33 мянган га газрыг цогцоор нь хамгаалалтанд авах хэрэгтэй гэв.

Ноён уулын хэсгийг тусгай хамгаалалтад авснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 11.194.22 га-гаар нэмэгдэнэ хэмээн тооцоолсон.

Тогтоол батлагдсан тохиолдолд:

  • Туул, Онон, Хэрлэн гурван голуудын эхийг хамгаалах,
  • Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлүүлэн үлдээхээс эхлээд олон ач холбогдолтой хэмээн тайлбарлаж буй.

Энэ удаагийн хуралдаанаар тодорхой шийдвэр гаргах бус, талуудын байр суурийг сонсох зорилготой байв.

Маргааш ажлын хэсгийнхэн Ноён уулын бүсэд очиж, газар дээр нь ажиллахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: news.mn