2015 оны солилцооны хөтөлбөрийн талаар танилцуулга хийв.
МБОИЗ-ийн Цөмийн ажлын хэсгийн дэд дарга Ч.Мөнхбаяр АНУ-д хийсэн 2015 оны солилцооны хөтөлбөрийн талаар танилцуулга хийв.
Манай байгууллага “Иргэний боловсрол” ТББ-тай хамтран ажиллаж, АНУ-ын Баруун-Өмнөдийн судалгаа, мэдээллийн төв ТББ-ын Олон улсын уул уурхай, байгаль орчны солилцооны хөтөлбөрт хамрагдаж ирсэн билээ.
2015 оны хөтөлбөрт МБОИЗ-ийн Цөмийн ажлын хэсгийн дэд дарга Ч.Мөнхбаяр оролцон, тус улсын Нью-Мексико муж-улсад ажиллаад ирсэн юм.
Тэрбээр МБОИЗ-ийн нөхөддөө хөтөлбөрт оролцсон тухайгаа танилцуулга хийж илтгэл тавин, хэлэлцүүлэг зохион байгуулав. Түүний танилцуулсан зүйлийг товчлон хүргэвэл:
- “Шеврон” компаний Куэстагийн молибдений уурхайд хариуцлагагүй үйл ажиллагаа явагдаж байжээ. Өндөрлөг газрын олборлол-үйлдвэрлэлийн сөрөг нөлөө нь дор орших уулын хөрс чулуулаг, гүний ус, Ред гол, Игл Рок нуур зэрэг их хэмжээний газар нутгийг ноцтойгоор бохирдуулсан байна. Энд химийн аргаар усыг цэвэрлэх том фабрик ажиллаж байгаа ч, асар их овоолго шороо, бохирдсон уулыг зөөж нүүлгэхгүйгээс хойш, дуусна гэж байхгүй “мөнхийн цэвэрлэгээ”-ний ажил буй болж, хүн ард, байгаль орчин ч мөнхөд хохирч,компани өөрөө ч мөнхийн үрлэг зарлагын үүр уурхайтай болжээ.
- Пекосын полиметаллын өндрийн уурхай их хэмжээний бохирдол үүсгэж, 1971 онд нэгэн зэрэг 90 мянган загас үхсэн дуулиант хэрэг гарчээ. Түүнээс хойш энд нөхөн сэргээлтийн эрчимтэй ажил явагдаж, өнгөн хөрсийг хуулж, пластик давхарга дэвсэн, дээр нь шинэ хөрс авчирч, ургамал суулгажээ. Уулын гүний бохирдлыг тархаахгүйн тулд, ус зайлуулах буюу дренаж системийг шатлуулан тавьж, шат бүрд 10 м өндөртэй газар дорхи бетон хэрэм барьж тусгаарлал үүсгэсэн. Энд тэнд далан барьсан. Гидрогеологийн аргаар, тусгаарлалд их ач холбогдол өгөн үүсгэсэн энэ нөхөн сэргээлт нь төлөвлөсөн үр дүнг өгөөгүй байна. Бохирдол тархах, дэвссэн хальс гэмтэх тохиолдлууд гарч, мөн олон цагаар их бороо орвоос, үер болвоос эрсдэл үүсэх нь илэрчээ.
- Жекпайлын ураны уурхай орчин тойрондоо их бохирдол үүсгэж, хүн малыг хордуулжээ. Нөхөн сэргээлтийн явцад бүхнийг булах газар шорооны ажлыг өрнүүлжээ. Ингэхдээ тэсэлгээ хийн бохирдлыг тарааж байсан байна. Мөн газар шорооны бүхий ажлын явцад бас л бохирдлыг тарааж байжээ. Үр дүн нь туйлын хангалтгүй болжээ. Гурван орчны цацраг идэвхит бохирдлын сөрөг нөлөө одоо ч багагүй байна. -Хоумстэйкийн ураны уурхайн нөхөн сэргээлтийн явцад, усыг урвуу осмосын аргаар, ууршуулах аргаар цэвэрлэж, 8 ам км газрыг аюулгүй болгоно гэж ажиллаж байгаа ч бохирдол гадагшаа тархсаар байгаа аж. Мөн цэвэрлэх явцад гарсан эрдсийг үр бүтээлтэй ашиглана гэж ажилласан нь шинэ бохирдол үүсгэжээ. Энэ хавийн бохирдлоос болж, хүн ард, мал амьтан ихэд хохирч, үхэлд ч хүрдэг ажээ. Ойролцоо орших Тэйлорын ураны уурхайнхан элдэв шалтаг шалтгаан хэлж, нөхөн сэргээлт муу хийх буюу зарим газар огт хийлгүй он цагийг элээж буй аж.
- Чёрчрок орчимд ураны олон уурхай, үйлдвэр, овоолго бий. Гэвч энэ хавийн нөхөн сэргээлт туйлын хангалтгүй. Женерал электрик компаний ямар ч нөхөн сэргээлт хийдэггүй шахуу их хэмжээний газар ч бий. Гэтэл энэ нутагт 1979 онд хаягдлын далан сэтэрч их хэмжээний бохирдол гадагш тарж, Арройо голыг нэн бохирдуулж, энэ нь Чернобылээс өмнө хамгийн томд орох цөмийн энергийн салбарын осол гэгдэж байжээ.
- Навахо, акома, лагуна зэрэг уугуул оршин суугчид ураны уул уурхайгаас болж хохирч хэлмэгдсэн бөгөөд, байгаль орчноо сэргээлгэх, хохирлоо барагдуулах, ураны уул уурхайг зогсоох шаардлага тавьж, тууштай тэмцдэг ажээ. Улаан усны цөөрмийн замын хот айлын холбоо нэрийн дор нэгдсэн ардуудыг хордсон газрыг орхиж нүү гэхэд төрсөн газар шороог минь цэвэрлэж өг, бид нүүхгүй гэж тэмцсээр иржээ. Ураны уул уурхай орчмын ард иргэд хорт хавдар, цусны хомсдол, ургийн гажиг, саажилт гээд төрөл бүрийн аюултай өвчин зовлонд нэрвэгдэж байна. Навахо өвчин гэдэг тархи-мэдрэлийн шинэ аюултай өвчин ч гарчээ. Байгаль орчны нөхөн сэргээлтээр зогсохгүй, хүний нөхөн сэргээлт, эрүүл мэндийн нөхөн сэргээлт хий гэх шаардлагыг их тавьдаг болжээ.
- Олон нийтийн шаардлагаар АНУ-д янз бүрийн арга хэмжээ авч байна. Уул уурхайн хуулиудыг чангатгаж байна, ялангуяа ураны уул уурхай эрхлэх нь нэн хүнд болжээ. Байгаль орчны хохирлыг арилгах CERCLA гэх хуулийн дагуу нөхөн сэргээлтийг ул суурьтай өрнүүлж, нөхөн сэргээлтийн урьдчилсан төлбөрийг Суперфонд гэгдсэн санд төвлөрүүлж, экологийн гамшиг учирсан бүсийн тухай, цацраг идэвхид хордсон хүмүүст үзүүлэх нөхөн төлбөрийн тухай зэрэг хуулиудын дагуу ч олон талын ажил өрнөж байна. Төрийн, төрийн бус шугамаар үзүүлэгдэх ихээхэн санхүүжилт, тусламжийн хүчээр холбогдох судалгаа шинжилгээ ч өргөнөөр хийгддэг байна. Америкад ажилласан асуудлаараа нийтлэл бичиж түгээнэ, тодорхой санал санаачилгуудыг томьёолон дэвшүүлнэ.
Энэхүү танилцуулга-илтгэлийн дараа ярилцлага-хэлэлцүүлэг өрнүүлэн, цөмийн хуулийн өөрчлөлтийг болиулах, ураны лицензүүдийг хумих, цацраг идэвхит эрдсийн уул уурхайгаас болж хохирогсдын хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.