ТХГН-ийн менежментийн загварыг бий болгох төслийн тайлан-“Их Нарт” БНГ

Нэгдсэн үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн санхүүжилтээр  2010–2015 онд Орхоны хөндийн БЦГ (Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзийт, Хужирт, Уянга сум; Архангай аймгийн Хотонт, Хашаат сумд), Их Нарт БНГ (Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумд), Увс нуурын ай сав газрын ДЦГ (Увс аймгийн Тэс, Давст, Малчин, Наранбулаг, Тариалан сумд)-т Улсын ТХГН-ийн сүлжээний удирдлагын үр өгөөжийг дээшлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, ТХГН-ийн менежментийн загварыг бий болгох, хэрэгжүүлэх, ТХГН-ийн удирдлагын үүрэг хариуцлага, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулдаг систем бий болгох зорилгоор хэрэгжүүлсэн төслийн тайлант-үзүүлэх сургууль Дорноговь аймгийн Даланжаргалан суманд болов.

Энэ  төслийн тайлангийн үйл ажиллагааг тус төслийн удирдлагын нэгж болон МБОИЗ-ийн гишүүн “Аргаль” төв хамтран зохион байгуулсан бөгөөд говийн ТХГН-уудын захиргаад болон МБОИЗ-ийн төлөөлөгчид оролцон туршлага судлав.

Бид төслийн үр дүнгийн тайлангийн хүрээнд “Их Нарт” БНГ–ын хамт олны бүтээж бий болгосон бүхий л нэгж, салбаруудтай танилцах аялал хийж товч тэмдэглэл хөтөлсөнөө та бүхэнд хүргэж байна.

Их Нарт” БНГ –ын товч танилцуулга

Дорноговь аймгийн Айраг,  Даланжаргалан сумын заагт орших Их нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учраас 1996 оны УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байна. Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойд хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ бүсэд хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог, уулархаг газруудтай. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи, шороон шуурга нь тухайн бүс нутгийн ургамал амьтны аймагт их нөлөөлдөг ажээ.

Хамтын ажиллагаа ба Эко клуб

Энэхүү байгалийн нөөц газарт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Америкийн Денвер хотын амьтан судлалын сан хамтран 2001 оноос урт хугацааны судалгааны  төслийг хэрэгжүүлж,  Энза-Боррего паркийн захиргаатай холбоо тогтоон ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд байгаль хамгаалах гадаад, дотоодын байгуулагуудтай харилцаа холбоо тогтоох, ТББ-ууд санхүүжилт олж авах менежмент хийх сайн туршлагатай болж олон талаар нутгийн иргэд хамтдаа хөгжсөн нь харагдаж байлаа. Тухайлбал нутгийн иргэд, малчдын нөхөрлөлүүд аль хэдийний жуулчидтай яаж харицах, тэдэнд ямар үйлчилгээ үзүүлэх, өөрсдийгөө танилцуулах, орон нутгийн бүтээгдэхүүнийг ашиглан хоол хийх, амьжиргаагаа дээшлүүлэх, гар урлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, зарж борлуулах аргаа олсон ажээ.

Энэ үеэр Даланжаргалан сумын дунд сургуулийн Хими-биологийн болон англи хэлний багш нарын удирдаж ажиллуулдаг хүүхдийн эко клубийнхэн тайлангаа тавьсан юм. Эко клубийн хүүхдүүдийн сумынхаа хөрс, амьтан, ургамлын аймгаар төрөлжүүлэн хийсэн судалгааны ажлуудтай танилцаад  өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Энд ирээдүйн чадварлаг судлаач-эрдэмтэд аль хэдийний бойжиж эхэлжээ. Бидний дэмжиж ажиллах ёстой, ирээдүйн судлаач-сувд дэлхийн иргэн үнэхээр энд л байна.

Шинжлэх ухааны судалгаа ба Аялал-жуулчлалын шинэ төрөл


Их Нартын судалгааны төв нь сумын төвөөс 60 гаруй км алсад хайлаас, бургас ургасан, булаг шандтай Бургасны ам хэмээх газар байрлана.

Бид судалгааны төв рүү явах замдаа Их бага нартын уулсаар явж аргалийн ажиглалт-“Фото-ан” хийлээ. Их нартын хадан ууланд нь дэлхийд алдартай ховордсон зэрлэг хонь-аргаль угалз элбэг байдаг бол янгир ямаа харьцангуй цөөн бий. Цагаан зээр, хар сүүлт зэрэг нь улирлын чанартай тохиолдоно. Хулан адуу Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Чоно, шилүүс, мануул, үнэг, хярс, халздай дорго, өмхий хүрэн, үен, дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алаг даахай, үхэр огодой, боролзон туулай, хээрийн болон хадны борогчин, хэдэн зүйлийн гар далавчтан зэрэг жижиг хөхтөн амьтад бий.

Өвслөг ургамлууд нь тухайн бүс нутгийн 35 хувийг эзэлдэг. Алтлаг холтостой тарваган харгана, хээрийн бариулт бүйлс зэрэг ховор ургамал ургадаг. Бариулт бүйлс нь үрээр хооллогч мэрэгч амьтад болон навч мөчрийг нь иддэг туруутан амьтадын идэш тэжээлийн чухал эх үүсвэр болно.

Их нартын чулуунд Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Гурван хоногийн ам зэрэг булаг шанд, мод буттай байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд байдаг.

Их нартын хөндийд цэнгэг хүйтэн уст булаг шанд их бий. Эдгээр булаг шанд нь сайранд шингэн орох боловч  хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Их нартын булаг шанд, худгийн уснууд маш цэнгэг байдаг боловч жижиг нуур цөөрмийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг. Гэвч зэрлэг амьтадын хувьд усны чухал нөөц төдийгүй ховор усны шувуудыг харж болох тохиромжтой газар юм. Их нартын хад, цохионы ангал, ан цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд жигүүртэн шувууд амьдрах нөхцөл сайн бүрдсэн байгааг харуулж байна. Энэ аманд шувуу ажиглах хамгийн тохиромжтой бөгөөд хавар, намрын үед олон зүйлийн жижиг шувууд нүүдэллэн дайрч өнгөрөхөөс гадна өвлийн улиралд шувууд ирж өвөлжөх тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг ажээ.

Мөн Халзан уулын рашаан гэх мэт янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөцүүдтэй.

Тус төвийн судлаачид аргаль-хонь, тас, шонхор зэрэг жигүүртэн, могой, гүрвэл, зараа гэх мэтийн хэвлээр явагчидид, мэрэгчид, жижиг хөхтөн амьтанд GPS зүүж коридор нутгийг нь тодорхойлон зураглал хийсний зэрэгцээ, Эко клубийн сурагчидтай хамтран шавьжны судалгаа хийж 120 гаруй шинжлэх ухааны өгүүлэл нийтлүүлсэн байна.

Энэхүү шинжлэх ухааны суурь судалгаанууд дээр түшиглэн шинжлэх ухааны ажиглалтын болон адал явдалт аялал жуулчлалын гэсэн 2 төрлийн аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх боломж нөөц хэдийнээ бүрдсэн байна.

Төслийн үр дүн

“Их Нарт” БНГ–ын хамт олон менежментийн удирдлагын хувьчлалаар авсанаас хойш олон ажлуудыг амжилттай гүйцэтгэн, 2010-2015 оны хооронд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд байгалийн нөөц газарт зориулсан менежментийн бодлого, төлөвлөлт, хамгаалалтын тогтвортой ажлууд явуулах, хөгжүүлэх, ажиллагсадыг чадавхижуулах ажлууд амжилттай хэрэгжсэн байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр “Их нартын чулуу” байгалийн нөөцийг удирдан зохион байгуулахын тулд бүрэн төгс хамгаалалтын менежментийн төлөвлөгөө бүхий идэвхтэй, бүхий л  асуудлыг хамруулж чадсан, удаан хугацаанд үйлчлэх, тогтвортой хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн бусад орнуудад  хэрэгжүүлж болохуйц жишиг хөтөлбөр болсон нь судлаач бидний сонирхолыг татаж байв. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан төслийн удирдагч н.Оюунтүлхүүр, н.Сувдаа, Доктор С.Амгаланбаатар нар болон тэдний багт баяр хүргэе.  Та нар хамтдаа гайхамшигтай сайхан ажил бүтээжээ. Эвтэй байхаараа Монголчууд хүчтэй гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж чаджээ-Та бүхэн.

МБОИЗ-ийн ажлын албанаас 2016 онд МБОИЗ-ийн орон нутгийн салбар зөвлөлийн дарга нар болон ТХГН-ийн удирдлагын менежментийн чиглэлээр ажиллах сонирхолтой гишүүн ТББ-уудын хүрээнд үзүүлэх сургуулийг “Их Нарт” БНГазарт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тэмдэглэл хөтөлсөн Б.Эрдэнэ МБОИЗ-ийн ажлын алба

2016 оны 11 сарын 8-10

Даланжаргалан, Их нарт