МБОИЗ-ийн Цөмийн ажлын хэсгийн дэд дарга Ч.Мөнхбаяр Баруун-Өмнөдийн судалгаа, мэдээллийн төвийн (БӨСМТ, SRIC) Судалгааны албаны захирал Пол Робинсоны удирддаг АНУ, Орос, Монголын иргэний нийгмийн байгууллагын судлаачидын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Нью-Мексико муж улсын Альбукерке-д зочилж уул уурхайн байгаль орчинд үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцон, чадавхижуулах сургалтанд хамрагдсан бөгөөд аялалын тэмдэглэл бичсэнийг та бүхэнд хүргэж байна.

Цөмийн штатад тавтай морил!

Энэ цэгээс холгүй буюу, Альбукерке хотын төвд манай буудал оршиж байв

Альбукерке хотын “Блю” хэмээх эгэлхэн нэртэй хөөрхөн зочид буудал дахи өрөөндөө оронгуут орны хажуудхи утас дуугарч, “Монголоос ирсэн зочдыг хүндэтгэн оройн зоог барих тул буугаад ир” хэмээв. Хөтөлбөрийн ахлагч Пол гуай миний т-цамцыг зааж, “Мөнхбаяр миний анд байгаа юм!” (Ц.Мөнхбаярын зурагтай цамц өмссөн байв) хэмээн олзуурхан хэлж угтав. Ингээд Ариунцэцэг бид гурав зунаараа байгаа мод цэцэгстэй бүлээн гудамжаар алхаж, “Суши Хана” ресторанд орвол Гэри, Хизер, Наталья нарын америк нөхөд хүлээж байлаа.
Энэхүү япон зоогийн рестораныг эх орон нэгтнүүд маань ажиллуулах агаад, найрсаг гэгчээр биднийг хүлээн авч, залуу ажилтан нь намайг эчнээ таних болохоо мэдэгдэв. Үзэл бодол нэгтнүүдийн халуун дотно яриа бүрдлээ. Нэгэн гэр бүлийн Гэри, Хизер хоёр Оросод ажиллаж байсан, Наталья орос үндэстэн, Ариунцэцэг орос хэл зааж байсан, Пол гадарладаг, би Свердловскод сурч байсан тул яриа оросоор ч өрнөчихнө.
Баруун-Өмнөдийн судалгаа, мэдээллийн төвийн (БӨСМТ, SRIC) Судалгааны албаны захирал Пол Робинсон гуай бол энэ ТББ-даа 1971 онд байгуулагдсанаас нь хойш 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, байгаль орчны төлөө тууштай тэмцэгч, профессор, инженер-эколог хүн юм. Тэрбээр Монголд хэдэнтээ аялан ажиллаж, манай байгаль хамгаалагчдыг АНУ, ОХУ улсуудад сургалт семинарт хамруулан чадваржуулж, эх орон нэгтнүүдтэй маань 10 гаруй жил хамтран ажиллаж ирсэн буянтай буурал болой. Миний хувьд хоёр жилийн өмнө түүнтэй Улаанбаатарт танилцаж байсан.

Пол гуайн SRIC байгууллагын үйл ажиллагаа гэвэл экологийн тэнцвэрийн ач холбогдлыг ухуулан сурталчлах, янз бүрийн соёлт хүн зоны амьдрах уугуул орчныг хадгалах, байгалийн нөөцийг гамнах, нийгмийн шударга ёсны төлөөхи иргэний оролцоог дэмжих, өнөө болон хойч үеийнхний аюулгүй аж төрөх орон зайг хамгаалах чиглэлээр судалгаа хийж, мэдээлэл түгээх явдал юм. Цөмийн хаягдал, цөмийн уул уурхайг нухацтай фокуслан анхаардаг. SRIC-ийг миний уран бүтээлийг нь таашаадаг дуучдын нэг Бонни Райтт дэмждэг гэнэ.

Шинэхэн танил Гэри Кук маань Дэлхий-Арлын хүрээлэн ТББ-ын (ДАХ,EII) Хөтөлбөрийн захирал. Хизер бол түүний гэргий, хамтран зүтгэгч юм. Эх орондоо төдийгүй, Орос зэрэг оронд байгаль хамгаалах үйлсийг дэмжин ажиллаж ирсэн. ДАХ-ын үйл ажиллагаа БӨСМТ-ийнхтэй агаар нэгэн.

Хамт ирсэн Б. Ариунцэцэг Иргэний боловсролын төв (ИБТ) ТББ-ын Хөтөлбөрийн захирал. УИХ-ын гишүүн асан, гавьяат багш Р.Нарангэрэлийн санаачлагаар 1992 онд байгуулагдаж, 1995 оноос ИБТ нэрээр ажилласаар өдий хүрсэн. МУ-ын иргэдийн төр-нийгмийн үйл ажиллагаан дахи идэвхтэй, чөлөөтэй оролцоог нэмэгдүүлэхэд туслах, хүүхэд залууст ардчиллын үнэт зарчмуудыг түгээх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулан төлөвшүүлэх, эко боловсрол олгох, иргэдийн болон залуусын олон нийтийн байгууллагуудыг дэмжих зорилготой.
Наталья Стукова SRIC-ийн Орос, Монголтой холбоотой ажлуудыг хариуцан ажилладаг, доктор цолтой бүсгүй. Ариунаа, Наталья хоёр маань надад яриа таниулгуудыг хөрвүүлэн өгч их тус болсон…

Бидний буй Нью-Мексико муж-улс маань уулын гэгдэх штатуудын нэг бөгөөд 2 сая хүн амтай, нутаг дэвсгэрээр АНУ-даа 5-р байранд, уугуул хүн амын эзлэх хувиар Аляскийн дараа 2-р байранд орно. Оршин суугчдын 70% нь цагаан арьстан, 9% уугуул, 2% афро гэх агаад 44,5% нь латин америк ч гэдэг. Цагаан арьстан олонхигүй цорын ганц штат ч гэх юм билээ. Гэртээ 63% нь англиар, 29% нь испаниар, 3,5% нь навахо хэлээр ярина. 1947 онд эндхийн Розуэлл хотноо харь гарагийн хүн заларсан гэх үг яриа дэлхий даяар түгсэн. Хамгийн алдартай “харь гарагийн хүн”.
1540-1542 онд испаний Франсиско Васкес де Коронадо гэдэг жанжин энэ нутагт “байлдан дагуулалт”-ыг багагүй хийсэн. Коронадогийн загалмайг хайж байна гэж Индиана Жонсын тухай кинонд гардаг. Нью-Мексикогийн өнөөгийн нутгийн нэгээхэн хэсгийг 1803 онд Наполеон АНУ-д худалдсан бол, 1535 оноос оршин тогтносон Шинэ Испанийн бага хаант улсаас 1821 онд тусгаарласан Мексикийн бүрэлдэхүүнд нөгөө хэсэг нь багтаж байснаа 25 жилийн дараа, хойд, өмнөд, төв, даяар Америк тив нийлж нэгэн нэгдмэл АНУ болох ёстой гэсэн панамерик үзэлт хойд хөршдөө эзлэгджээ. 1912 онд 47-р штат болжээ.

Муж-улсын баруун хойдод, алдарт Дөрвөн өнцөг байх бөгөөд энд Нью-Мексико, Юта, Колорадо, Аризона штатуудын шулуун шугамаар татсан хилүүдийн дөрвөн өнцөг энд давхцана. Мужийн зүүн хойдод байх Капулин уулнаас Нью-Мексико, Колорадо, Оклахома, Техас дөрвөн штатыг харж болдог.
Нью-Мексикогийн хамгийн том хот Альбукерке нь 1706 онд харуулын цэг байгуулагдсанаар эх үүсвэр нь тавигдсан, Шинэ Испаний бага хаан Альбукеркегийн нэрийг зүүсэн агаад, дундуур нь Рио-Гранде гол урсаж, хойдод нь Сандиа уул дүнхийж, өндөр цөл Чихуахуад оршино…
Байгаль орчин, иргэний хөдөлгөөд, тэмцэл зүтгэлийн талаар ам булаалдан ярилцсаар байтал шаггүй орой болж, буудалдаа буцан зүүрмэглэх гэтэл нэг өрөөнд суух Алексей гуай маань алс Оросоос ирэн танилцаж, ахин дугхийх гэтэл нойр хулжин, шөнийн 2 цагт босож, 4 цагт өглөөний зоог бариад Balloon Fiesta буюу Агаарын бөмбөлгийн наадмыг зорьцгоов.

Пол Робинсоны хамт бөмбөлгийн наадмын үеэр

Нэгэн болдоггүй улс төрчийн болчимгүй хийрхлээс болж хүн ардынхаа аюулгүй байдалд санаа зовнин нойр хулжиж, дараа нь Номхон далайн дээгүүр нисч явахдаа унтаж эс чадан, Альбукеркед мөн нойргүй хоносон миний бие ядруу явсан ч, Balloon Fiesta-г гурван улсын нөхдийн хамт үзээд гайхамшгийг мэдэрч, бие сэтгэлийн сэргэн мандалтыг хүртэж, орчлон ертөнцөд оюун хийсвэрээр жигүүрлэн төөрсөн билээ л.

Дараа нь бид Рио-Грандегийн дархан газраар зорчив. АНУ-ын 3 дахь том гол Рио-Гранде Нью-Мексикод хамгийн ихээр оногдож, муж-улсаас гараад Америк-Мексикийн хил болдог. Сүүлийн үед их татарч ширгэж, тасалдах болжээ. Цагтаа Их мөрөн буюу Рио-Гранде гэх алдрыг хүртсэн гэхэд үнэмшимгүй. Энэ голын аль ч хэсгээр өнөөдөр хөлөөр туучин гаталж болох гэнэ.
Уул уурхай, үйлдвэрлэл, тариаланд усыг нь хайр гамгүй ашиглаж, экологийг нь алдагдуулснаас иймд хүрчээ. Байгаль орчны сүйдлээс болж хуурайшилт түгмэл болсон нь ч нөлөөлжээ. Алдаг оног урссаар, далайд цутгадаг байсан газраасаа 150 метрийн наана бүр алга болчихсон аж. Пол гуай буурь суурьтай үгүүлж байснаа “тийм ч учраас ноён Мөнхбаярын идэх жимс хомсоджээ” хэмээн сортойлгох жишээний (өмнөхөн нь би үл мэдэх бутны жимс идэх дүрээр зураг авахуулсан байв).

Дархан цаазтай онгон дагшин байгалийг үзэн бишрэх бус, өчнөөн хүн амьтан, мод ургамлыг ундлан тэтгэж байснаа үгүйрэн доройтож буй хөөрхий голын эмгэнэлт хувь заяаг харуусан хэлэлцэх аялал болдог болжээ. Энэ хавьд маш хуурай, тоосорхог, араатан жигүүртэн ховордсон, ургамал мод хатаж мөхсөн, зарим нэг ховор өвс ургамлын дэргэд хөндөж болохгүйг анхааруулсан бичиг үлдээсэн нь тэр бүрий анзаарагдахгүй, хэдэн нугас, яст мэлхийг тусгай орчинд бөөцийлсөн байдал харагдлаа. Trachemys scripta буюу улаан чихт гэх, аль ч газрын амьтны дэлгүүрт ёс юм шиг зарагддаг яст мэлхий энд уугуулаар, эндемикээр амьдардаг нь аквариум сонирхогч асан надад содон санагдав.

Рио Гранде мөрөн Альбукерке орчимд ийм үзэгдэх нь ч буй

Үерийн томоохон хамгаалалтууд ихтэй энэ газар одоо үерээс айлтгүй болсон байж магадгүй. Байгалийн “танкуудаас” хамгаална гэж барьсан ган хаалтууд одоо хүүхэд залуус “Зөвлөлтийн танкуудаас сэргийлж барьсан юм уу” гэж гайхан асуудаг сонихон үзмэр болжээ. Мөн эндхийн жижиг музей, дэлгүүрийг үерээс хамгаалсан хийцээр барьсан нь надад маш өвөрмөц хийцтэй, сансрын байгууламж мэт санагдсан.

Дараа нь Пол гуай биднийг гэртээ Угталтын оройн зоогт урьлаа. Эко хийц бүтэцтэй өвөрмөц гоёхон өргөө гэрт нь түүний гэргий Карла Рид, охин Рэйчел нь амтат зоог бэлтгэн суусан агаад, бидний аялалд их тус болж байсан зочломхой, сайхан сэтгэлт энэ гэр бүлийнхэнд дахин дахин талархал илэрхийлмүй.
Өчигдөр “Сушихана”-д уулзсан хэд дээр, Оросын эрдэмтэн А.Плюснин, О.Смирнова, М.Трескина, америкийн эрдэмтэн Ж. Льюис нэмэгдэн, үзэл бодол, үйлс ажил нэгт нөхдийн халуун дотно уур амьсгалтай хэлэлцүүлэг үүсэв. Билли нохой ч оролцчих санаатай ширээ тойрон, ширээн доогуур гүйнэ…
Хүн амын 90% нь казино-хот Лас-Вегаст байдаг Невадаг цөмийн туршилтын талбайтай байсан гэдгээр нь хамгийн атомын штат гэдэг ч, үнэндээ Нью-Мексико хамгийн атомын штат юм билээ.

Цөмийн лаборатори-хот Лос-Аламос муж-улсын нийслэл Санта-Фегээс баруун хойшоо холгүй, 56 км-ийн зайтай байж байна. 12 000 хүн амтай энэ хот 25-аас дээш настных нь 70% нь дээд боловсролтой, аялал жуулчлалыг айхавтар хөгжүүлсэн гэж магтагддаг ч, цөмийн шаггүй бохирдолтой, хээрийн түймрийн эрсдэлтэй. Нью-Мексикод олон нууц лаборатори байдгийн нэлээд нь цөм, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй холбоотой.

Цөмийн зэвсгүүдтэй холбогдолтой Лос-Аламос, Аламагордо зэрэг газруудад ойрхон цанын баазууд байгуулсан бол, Уайт-Сэндсэд аялал зугаалгын том төв байгуулсан байх юм.

Атомын туризм гээд тусгай жуулчлал ч буй. Нью-Мексикод тийм жуулчид Лос-Аламос хот, тус хот дахь Түүхийн болон, Шинжлэх ухааны музейнүүд, Альбукеркегийн Цөмийн шинжлэх ухаан, түүхийн музей, анхны атомын бөмбөг туршсан газар Тринити, Уайт-Сэндсийн пуужингийн туршилтын баазуудад очих дуртай гэнэ. Тринити гэж Эцэг Бурхан, Хүү Исус Христус, Ариун Сүнс гурвыг хэлж буй бөгөөд, ийм нэртэй газраа сүм хийдээ барьж, эргэл мөргөлөө хийж, түм буман буян хурааж баймаар сан, уг нь.

Альбукерке хотын Цөмийн шинжлэх ухаан, түүхийн музей

Олон жилийн турш Нью-Мексико цөмийн зэвсэгт хэрэглэх ураны бараг хагасыг олборлож баяжуулан нийлүүлж байжээ. Цөмийн зэвсэг талдаа бол маргаангүй №1 штат. Вайомингийн дараа орох ураны нөөцтэй Нью-Мексикод 1950 оноос ураны буум эхэлсэн. Техасын бүх луйварчин энд ирж уранчин болчихсон байна гэж нэг бизнесмен уулга алдсан гэнэ. Тэр үед Грантын бүсэд хайгуулын 400, олборлох 259 лиценз олгож байж. Олборлох лицензтэй 137 хуулийн этгээдэд байгаль орчинд хал багатай үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байхгүй байсан нь илэрч байжээ. Нью-Мексико хариуцлагагүй уул уурхайгаас болж хамгийн их хохирсон штатын нэг. Нэг хүнд оногдох ДНБ-ээрээ 50 штатаас 47-р байрт ордог агаад тус муж улс байгуулагдсан огноогоороо штатууд дундаа 47-рт жагсдаг, үүнтэй холбоотойгоор хошин шог үгс яригддаг байна.

Нью-Мексикод цөмийн хаягдал булшлах газар дорхи том байгууламж бий. Энэ байгууламжид олон тооны ноцтой зөрчил гарч ирсэн тул муж-улсын удирдлага 2014 оны эцсээр тус байгууламжийг хаах, АНУ-ын ЗГ-ыг 54 сая доллараар торгох шийдвэр гаргаж, зохих байгууллагуудад хандаад байгаа юм…

Ноён уул маань мөнхөд нөхөн сэргээгдэх Куэста шиг бүү болоосой

Таос дахи индианчуудын эртний байшин

АНУ-д хөл тавьсан 3 дахи өдрөө бид, Куэстагийн уурхайд хонож болохгүйн учир ойролцоохи Таос буюу Улаанбургас руу хөдөллөө. Уран бүтээл, урлагийн хот буюу арт-колони Таос нь басхүү пуэбло уугуулуудын нэгэн мөчир таос омгийнхны соёлын төв болой. Таосод уран зургийн 80 галерей, 3 музей, олон зураач буй бөгөөд энд туурвиж байсан орос зураачийн гэр-музей буйг орос нөхөд дурдав. Дуу хуурын нутаг, дугуй, цана, загасчлалын жуулчлалын бүс, Terminator Salvation киноны зураг авсан газар гэнэм.

Таос хоттой хаяа дэрлэн Таос Пуэбло гэх уугуулуудын суурин орших агаад АНУ дахи одоо амьдрал өрнөж байгаа хамгийн эртний суурин газруудын нэг. Таос Пуэбло суурин ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн жагсаалтад орсон бөгөөд, хүн ард нь гэртээ тог цахилгаан, шугам сүлжээгүй суун, өвөг дээдсийнхээ уламжлалыг ягштал баримтлах бөлгөө.

Качина Лож буудалд толилсон паувау бүжиг нь хөөрхийлөн шимшрэх, бахархан омогших сэтгэлийн аль алийг төрүүлж, зүрх тархийг үйл хэрэгт уриалан хэмнэллэж, ядрал юуг үлдэн хөөсөн билээ л. Дараа нь бид хэд гурван улсын онгон дагшин байгаль орчныг хэрхэн яаж хайрлан хамгаалах тухай урам зоригтойгоор хэлэлцэж, хамтран ажиллаж ихийг бүтээнэ хэмээн хөөрөн баясч суусан сан. Аяа, Таосын үдэш…
4 дэхи өдрөө Таосоос хөдлөхөд бидний энэтхэг буюу индиан гэж нэрлэдэг америкийн уугуулуудын соёл, эмгэнэлийн өнгө аяс холилдон сүлэлдэн мэдрэгдсээр, өндөр газрын намрын сэрүүн салхи шүлэг шадын хэлхээсээ алдан сацлан үдэв л.

Бид Куэстагийн нөхөн сэргээлттэй танилцаж байна

Куэста хавь хангайн уулс, мод хадаа гайхуулсан үзэсгэлэнт сайхан нутаг юмсанж. Ийм газар эрдэнэс алт ихээр хурдаг ч юм уу.

Калифорний Шеврон компаний хаядас овоолго (tailing site, хвостохранилище) дээр нарны хавтангууд байрлуулжээ. Нөхөн сэргээгээд сэргээгээд өөр үйл ажиллагаа энд явуулах аргагүй гэнэм. Уурхай нь галт уулын орой дээр байсан аж.
1965 онд Моликорп буюу Молибдениэм корпорэйшн тэр уурхайг нээж, овоолгоо 14 км-ийн зайд байршуулах болжээ. 1976 онд 11,5 сая паундын олборлол хийгээд байсан Моликорпын үйл ажиллагаа доголдон, 1977 онд Шеврон компанид нэгджээ. Ил уурхай нь 1983 онд, далд уурхай нь 1992-95 онуудад молибдений эрэлт буурснаас болж мөн хаагдсан байна.

Олборлолын явцад хүхэрт нэгдэл ихээр тарж, уулын өнгөн хөрсийг суллан буулгаж, дороос нь гарч ирсэн чулуулгийг ч идэж сорвитуулжээ. Бохирдсон, суларсан чулуулаг нурж гулсан, 60-аад онд үхэлд ч хүргэж байв. Салхи бороогоор тархах хүхрийн эрдсүүд хөрсийг их эвдэж, гол нуурт орно. Хүхэрт нэгдэл (сульфид) нь хүчилтөрөгчийн нөлөөгөөр хүчилжиж, дулаан ялгаруулахаас гадна, дэлбэрэлт үүсгэх ч магадлалтай.

Баяжуулах үйлдвэр орчмын хөрс бохирдсон, уурхайн орчим хөрсөн дорхи, гадаргын ус бохирдсон, хаягдал чулуулаг хуримтлагдсан, овоолго шорооны орчим хөрсөн дорхи ус бохирдсон, овоолго шорооны бүсээс өмнөхи хэсэг, Ред гол, голын эрэг хавь нь хөрсний бохирдолтой, овоолго шорооны халилттай, Игл-Рок нуур бохирдлын хуримтлал тунадастай зэрэг нь ноцтой байсан тул ул суурьтай нөхөн сэргээлт хийх хэрэгтэй болжээ.

Аялал жуулчлал, ялангуяа загасчлал хөгжсөн энэ газар загас олноор үхэх болжээ. Компаний ажиллагсад ч бохирдолд нэрвэгдэн хохиров хэмээн, зарга мэдүүлжээ.

Энэхүү зурагт хаягдал чулуулгийн хүчиллэг нь дорхи өнгөн чулуулаг, хатуу чулуулгийг бохирдуулж, хөрсөн дорхи ус, өнгөн чулуулгаар бохирдол дамжин голын хурдас, голыг бохирдуулж буйг үзүүлжээ

“Угаасаа эндхийн ус хүхэрлэг, эрдэслэг” хэмээн компани нөхөн сэргээлтийн ажлаа хөнгөрүүлэхийг оролджээ. Уурхай нээгдэхээс өмнөхи усны судалгааны материалууд болон уурхайгаас дээшхи усыг шинээр судалсан материалууд дээр суурилан, төрөөс нөхөн сэргээлтийн хэмжээ, төвшинг тодорхой стандартуудын дагуу тогтоож өгчээ.

Энд усыг олон цооног, хөөрөг, резин хоолойнууд бүхий ээдрээтэй дренаж системээр их гүнээс ч цуглуулж, тусгай фабрикад цэвэрлэн, гол руу нийлүүлнэ. Хөлдөх эрсдэл аюул учруулж болно гэдгийг Алексей үгүүлэв. Нью-Мексикод хаа сайгүй л цас байдаг, ордог юм билээ.

Хаягдлаа, уулаа нүүлгэж болохгүйгээс хойш, цэвэрлэгээний ажил мөнхөд ундрах юмсанж. Харин ч хөрс, чулуулгийн эвдрэлийн процесс түгшүүр төрүүлэх болжээ. Хүхэрлэг, хүчиллэгээр эвдсэнээс гадна, далд уурхайгаар төнхсөн. Чулуулаг нурж, 5000 га нүх үүсэх аюултай гэх юм. Бараг УБ шиг хэмжээний цөмрөлт үүсч болзошгүй ч гэх шиг. Сүрэл, малын ялгадас хольсон хөрс дэвсэж ургамалжуулсан ч энэ нь яахин их хэмжээний эвдрэлийг засах аж.

Орос нөхөд энд химийн талаас их анхаарсан байна, физикийн талаас нь бас илүү анхаарваас зохилтой гэж байв. Ред гол дээр очиход ус цагаавтар, өнцөг буланд нь цагаан, улаан тунадас, өнгөр багагүй байсан агаад орос эрдэмтэд ус, шаврын дээжийг шинжлэхээр авлаа.

Зарим үед бид хувийн өмчийн бүс рүү ойртчихно, нэвтэрчихнэ. Шеврон компаний том пикаптай хүдэр бадар ажилчид тоос татуулан хурдтай давхин ирж, томоотой хүмүүжилтэй байхыг сануулан, биднийг энэ хавиас яван явтал, амдан ажиглаж байснаа, минивэндээ суун хөдөлж хажуугаар нь өнгөрөхөд араас даган давхиж, зогсоход арай урд очиж зогсоод ахин амдан ажиглах зэргээр мөшгиж билээ.
Гэвч “Homeland” сериалын Сол Беренсонтой эндүүрэм дүртэй, амьд архив Пол Робинсон гуайн аргумент факт, гипотез прогнозын урсгалыг хэнбугай нь ч сааруулж эс дөнгөх бөлгөө. Алексейн хамт үзэг цаас нийлүүлэн сийрүүлж зогсоход эрхгүй тэртээ цаг, алс холын Уралд оюутан байсан өглөөний шаргал туяа санаанд зурсхийн гийнэ.

АНУ-д очсон нэг учир маань туршлага судлах. Гэвч эерэг сөрөг зүйлс зэрэг зэрэг яригдаад байх тул аль алийг нь бичиглэхээс өөр хэрхэх. Америкийн гайхамшиг гээд шагшаад байх, Америкийн империализм гээд хараагаад байхын аль нэгэнд эс автан үзсэн дуулснаа л сийрүүлсүү.

АНУ-д уул уурхайн хууль хатуу чанга болсоор ирсэн. Муж-улс холбооны хуулиас зөөлөн хууль гаргаж болохгүй, харин илүү хатуу хууль гаргаж болдог гэх. 1971 оноос өмнө Америкад экологийн асуудлыг төдийлөн ойшоодоггүй байсан бол одоо байдал эсрэгээр эргэжээ. Тухайн газар хийдэг юмаа аль эрт хийчихсэн, гүйцээчихсэн, бидэнд одоо хамаагүй гэдэг байсан компаниудаар ч, хоёр жилээс хайгуул хийсэн компаниудаар ч ягштал нөхөн сэргээлт хийлгэдэг болжээ. Гэхдээ бас хариуцах эзэн олдохгүй байх тохиол цөөнгүй.
Нью-Мексико уул уурхайн хувьд хатуу ч, Калифорнид бүр хатуу болохоор тэндхийн Шеврон компани энд заларсан юмсанж. Уул уурхайн халууралд талхчуулан хаширсан Калифорнид бол овоолго шороог хаанаас авсан, тэр газраа буцааж хийж, нөхөн сэргээ гэдэг, бүр бишидвэл авсан бүхнээ буцааж байсан газарт нь хий гэдэг юм байх.

АНУ-д нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө гарган батлуулж, нөхөн сэргээхэд хүрэлцэх урьдчилсан төлбөр буюу барьцаа мөнгөө эхэлж шилжүүлчихээд дараа нь уул уурхайн ажлаа эхлүүлдэг номтой. Энэ механизмыг Суперфонд гэх юм. Суперфонд нь угтаа CERCLA (Comprehensive Environmental Response, Compensation and Liability Act, 1980) буюу Байгаль орчны бүх талын хохирол, нөхөн төлбөр, хариуцлагын тухай хуулийг хэлж буй хэрэг юм.
Энд нөхөн сэргээлтэд компаний төлсөн мөнгийг депозит буюу, өсгөх хэлбэрээр байршуулдаг. Нөхөн сэргээлтийн явцад мөнгө илүү гарвал компанид нь буцаж өгөх юм. Нөхөн сэргээлтийн барьцааны мөнгийг 5 жил тутамд мөнгөний ханштай уялдуулан нэмж авдаг.

Уурхайд хэлмэгдэж, хүчиллэгт идэгдсэн хөөрхий уул

Энэ ажилд шаардагдах бүх зардалтай тэнцэх хэмжээний мөнгө эхэлж барьцаа болгон өгнө гэдэг зарчим анх 1977 онд АНУ-ын холбооны буюу федерацийн тогтоолоор батлагдаж байжээ. Куэстагийн нөхөн сэргээлтэд 883 сая доллар зарцуулах төлөвтэй байгаа бөгөөд, үүгээр хязгаарлагдна гэх баталгаа үгүй.
Монгол улсад компаниуд нөхөн төлбөрийн төлөвлөгөө, төлбөр байтугай, ТЭЗҮ, БОНҮ-гээ ч өгөлгүй уул уурхайгаа эхлүүлнэ гэж дайрдаг нь гэм биш зан. Америкийн хууль-эрхзүйн туршлагаас үлгэр аван хэрэгжүүлмээр зүйл багагүй санагдав.
Нью-Мексикогийн уул уурхайн хууль тогтоомжийг ч судалмаар бодогдсон, зөвхөн Нью-Мексикогийнхыг ч биш л дээ, мэдээж. Уг нь манайхан хэдэн жилийн өмнө тус муж улсын хуулийг хүч хөрөнгө гаргаж монгол хэлээр орчуулсан юм билээ. Тэр нь ор сураггүй алга болсон аж.

АНУ-д олон нийт, уугуул ардууд, төр, компани ойлголцон, хамтран ажиллан байж нөхөн сэргээлт хийж, байгалиа хамгаалдаг байна. Манайд ийм болоосой ч гэж бодогдов.
Куэстагийн тохиолдолд Гацууртын буюу Ноён уулын алтны орд болон, Оюутолгой, зэс, молибдений бусад уурхайтай ижил төсөөтэй зүйл их бий. Хариуцлагагүй уул уурхай мөнхийн нөхөн сэргээлт, цэвэрлэгээг авчирч, мөнхөд хүн ард, байгаль орчныг хохироож, мөнхөд төр, компанид хүнд дарамт, зовлон авчирдаг юм байна шүү. Гэтэл Оюутолгойн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг уурхай хаагдахаас 10 жилийн өмнө гаргаж өгнө гэж байснаа хоёрхон хуудас юм гурилдан шидсэн байгаа юм. Хэрэв энэ байдал засал эс аван үргэлжилсээр байх ахул, Куэста байтугай асуудал тулгарч болно шүү гэж түгшүүрийн харанга дэлдмүү.

Оюутолгойд олон олон пекос шиг болох юм гэж үү?

Куэстагийн дараа бид ойролцоохи Пекосын уурхайд өглөө нь очихын тулд муж-улсын нийслэл Санта-Фе буюу Ариун Итгэл хотод хоноглох болов. 1598 онд тэва пуэбло уугуулуудын нутагт үүссэн энэ хотын бүтэн нэр Ла Вилья Реал де ла Санта Фе де Сан Франсиско де Асис буюу Ариун Асисийн Франсискогийн гэгээн итгэлийн хааны хот. Тэва нар Огха По-огэ гэдэг. Индианы соёлын бас нэг төв болсон энэ хотын нэр Италийн Ассиси хотоос гаралтай, ядуу лам нарын орден буюу хүрээг үндэслэсэн Франческогоос үүдэлтэй бөгөөд, Шварценеггер, де Вито нарын тоглосон “Ихрүүд” киноны зургийг энд авчээ. Бас л урлаг соёлын сайхан хот юм.
Маргааш өглөө нь буюу тавдахи өдөр Санта-Фегээс хөдлөхөд битүү ой хөвч, өндөр сүрлэг уул хад хүрээлэв. Хангай цөлийн зааг газар юм билээ л дээ, Нью-Мексико. Санта-Фегийн, Пекосын, Сиболагийн үндэсний ой хөвчөөр зорчиж байжээ.
Биднийг Нью-Мексикогийн Байгаль орчны яамны Уул уурхайн нөлөөллийн хэлтсийн дарга Курт Фолльбрехт, ажилтан Дэвид Мэйерсон нар угтаж, Пол гуайн “ийм ийм ноёнтнууд билээ…” гэсэн буурьтай танилцуулгын төгсгөл дэхи “битүү хууз ургуулсан нь ямаршуухан мундаг геологичид болохыг нь бэлээхэн илтгэнэ” гэсэн хошигнолд нь өртөн инээд алдсаар бидэнд Terrero Mine Project гэсэн яамныхаа танилцуулгыг тарааж, илтгэл айлтгалаа эхлүүлэв.

Терерpо уурхайн нөхөн сэргээлтийн тухай ярилцаж байна

Пекос гэдэг нь аялан жуулчлагчдыг соронзодсон үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн сайхан гол болой. Эрдэс баялгийг нь 1882 онд нээж, 1903-1907, 1926-1939 онд Америкэн Металз компани олборлол явуулж, Нью-Мексикод хамгийн өндөр цалин төлж, 600 ажилчинтайгаар ажиллаж байсан, муж-улсын хамгийн том уурхай. Уурхайчны хот Терреро 3000 хүн амтай байсан. Одоо бол эзгүйрэн, хий үзэгдэл-хот, албан бус хот гэгдэх болсон.
Хүдэр нь тугалга, цайраар баялаг, мөн алт, мөнгө, зэстэй. Өндөрт олборлол явуулж, 12 миль урт ган олсон дүүжин замаар буюу агаарын ачааны трамвайн замаар хүдрээ бутлуур тээрэм рүү зөөж байв.

Пекосын уурхайн бүсэд, уурхай, 12,3 акр буюу 217 000 ам ярд хаядас овоолго, бохирдсон хөрс, буртагтсан гадаргын болон хөрсөн дорхи ус, 5-10 акр намгархаг газар, Уиллоу горхи, Пекос голын хэсгүүд хамрагдаж байв.
Уурхайн бүсийг цэвэрлэхэд хөрс хуулах, зөөх, дэвсэх газар шорооны ажил, геосинтетик лайнераар хучих, Уиллоу горхи, намгархаг газар, голын эргийн био орчинг сэргээх, уугуул зүйлүүдээр ургамалжуулах, гадаргын болон гадарга дорхи усыг сэргээх зэрэг ажлуудыг хийжээ.

1999-2000 онд Уиллоу горхийг сэргээх, 1999-2002 онд хог бохирдол бөөгнүүлэх, 2000-2001 онд нээлттэй, хаалттай буюу гадаргын, гадаргын бус усны дренажийг байгуулах, 2001-2003 онд сувгууд байгуулах, 2002-2003 онд синтетик болон ургамлан бүрхэвч бүрдүүлэх ажлуудыг гүйцэтгэжээ.

Пекосын уурхайн ойролцоо Эль Молиногийн баяжуулах үйлдвэр буюу тээрэм байсан. Энд тээрмийн газар, 50 акр овоолго байв. Пекосод цутгадаг Аламитос горхийг их бохирдуулна, цийлгэнэ. Басхүү нөхөн сэргээлт хийн байгалийн унаган төрхөнд нь оруулсан гэх бөгөөд, ер нь Пекосын уул уурхайн нөхөн сэргээлтээр бахархдаг, цаашид энэхүү сэдвээр музей байгуулан жуулчдыг хуруулна гэж яамны ноёд үгүүлэв.

Тусгаарлах давхарга зулж байна

Пол, Гэри нар мөн илтгэл айлтгалаа хэлж, орос эрдэмтэд мэтгэлцэж, өөд уруу, хөндлөн гулд энэ хавиар хичнээн чиг явав.

Асгат уулсаас эх авсан Пекос Рио-Грандегийн зүүн том цутгал агаад, Нью-Мексикод 1000 орчим км урсаж, байгаль орчин, өвс бэлчээр, мал амьтан, тариалан ногоолон, үйлдвэр аж ахуйд нэн чухал ач холбогдолтой. Пекосын усыг хэрэглэх нь асар их, адагтаа байгалиасаа байх ёстой хэмжээнээс 100 дахин багасч очдог. Гол ус хомс болохыг ч хэлэх үү, Пекосын бохирдлыг штатынхан маш эмзэг хүлээж авдаг.
Эндхийн полиметалл хүдэр 10,6% цайр, 3,3% тугалга, 0,5% зэс агуулж, дифференциал флотацийн фабрикад өдөрт 600 тонн хүдэр боловсруулж, нэг тоннд крезоллын хүчил 0,175, шохой 0,574, калийн ксантогенат 0,161, цайрын сульфат 1,395, цианид 0,06, зэсийн сульфат 0,783, этилнатрийн ксантогенат 0, 500, хусны тос 0,151 паундыг зарцуулан хэрэглэж байжээ.

1939 онд ус бохирдолт, дутагдал, хөдөлмөрийн маргаан зөрчил, гүний ажлын хүндрэл, сорчилсон олборлолт, газар дор нуралт үүсэх аюул зэргээс болж хаагджээ.
2 200 000 тонн овоолгыг баяжуулах фабрикийн ойролцоо буюу Эль-Молинод, голын дагуу далангаар хашин байршуулсан хийгээд, тугалга, зэс, цайр, төмөр, мөнгө, цианидын бохирдол түгж байв.

Тэр үед гадаргын усанд:

-хар тугалга 0.01-ээс 4.1 ppm,
-кадми 0.001-ээс 0.022 ppm,
-төмөр 0.1-ээс 67 ppm
-манган 0.05-ээс 1.4 ppm байв.

Стандартад (ЗДХ, зөвшөөрөгдөх дээд хэмжээ) бол:

Pb – 0.05 ppm,

Cd – 0.01ppm,

Fe – 1.0 ppm,

Mn – 0.005 ppm-ээс хэтрэхгүй байх ёстой.

Хөрсөнд:
-хар тугалга фон үзүүлэлт 5-30 ppm,

хаядаст 2800-10000 ppm,

хаядсаас гарсан урсгалд 1400 ppm,

-цайр фон үзүүлэлт 30-60 ppm,

хаядаст 190-13000 ppm,

хаядсаас гарсан урсгалд 350 ppm,

-зэс фон үзүүлэлт 9-20 ppm,

хаядаст 150-5500 ppm,

хаядсаас гарсан урсгалд 290 ppm,

-төмөр фон үзүүлэлт 13000-17000 ppm,

хаядаст 44000-51000 ppm,

хаядсаас гарсан урсгалд 31000 ppm болсон байлаа.

Ус зайлуулах системийг байгуулж байна

Эль-Молино эдэлбэрийн өмнөд хэсгээс хагас миль хүрэхгүй зайд 3500 оршин суугчтай Пекос суурин, дунд сургууль буй бол хойд хэсгээс нь холгүй бас оршин суугчид байдаг.

1950 онд Нью-Мексикогийн төр орд, баяжуулах фабрик зэргийг эрдэс баялгийг олборлох эрхгүйгээр өмчлөх болжээ. Олборлох эрх хэдэн компани дамжсаны дараа, Америкэн Металзын залгамжлагч Cyprus Аmax Minerals компанид шилжжээ. Төрийн мэдэлд орсноос хойш овоолго, хаягдал чулуулаг зэрэг бохир материалыг зам, талбай, үйлдвэр, албан газар, орон сууц, талбай, хашаа барихад ашиглаж байжээ. Загас үржүүлэх цогцолбор барихад ч ашиглаж, бохирдсон газар авто ралли зохион байгуулж, буудлагын сургуулилалт хийж, хүүхдүүд наадаж байж.
1991 оны хавар шар усны үер болоход овоолгоос бохирдол их хэмжээгээр тарж, Пекос голд орж, 90 000 загас хиарлаа. Жуулчид үргэн дайжиж, овоолго хаягдлаар барилгын материал бэлтгэх газрыг хаажээ. 1982 онд иймэрхүү явдал гарч байсан ч төдийлөн ойшоогоогүй бол энэ удаад экологийн түгшүүр олныг эзэмджээ.
Төр, Cyprus Аmax Minerals компани ч олон нийтийн түгшүүрийг угтан ажиллаж, 1992 оны эцсээр нөхөн сэргээлтийн талаар Захиргааны зөвшилцлийн гэрээг (AOC, Administrative Order on Consent) төр компани хоёр байгуулагджээ. АОС нь өөр газруудын нөхөн сэргээлтийн ажилд ч үлгэр үзүүлсэн жишиг гэрээ болж. Санхүүжилтийн 80%-ийг Cyprus Аmax Minerals компани, 20%-ийг улсын сангууд гаргах болсон байна.

Пол, Гэри нарын нэмж хэлснээр, баяжуулах фабрик, уурхайн хаягдал, тугалгаар бохирдсон хөрсийг бөөгнүүлэх, уулын унаган хэлбэр дүрсийг бүрдүүлэх, овоолгын усыг 6 цагийн аадар бороог тэсвэрлэх чадвартай, 100 жилийн баталгаатай сувгаар урсгах, гол том сувагт нийлэх дренаж сувгуудын хана ёроолыг 24 цагийн аадар бороог тэсвэрлэх, 10 жилийн баталгаатай болгон бэхжүүлэх, овоолгын урьд маш ноцтой төвшинд байсан хөрс эвдрэл буюу эрозийг багасгахын тулд үржил шимт 0,5 м хөрсөөр хучин эндемикээр ургамалжуулах, овоолгыг хашсан бат бэх далан босгох, Аламитос хавийн намагжлыг сэргээх, овоолгод пьезометрүүд байршуулах талаар олон төрлийн ээдрээтэй нарийн ажлууд хийгджээ.

1995 онд хөндлөн дренажид зориулж, 30 мм-ийн зузаантай лайнер хальс ёроолд нь дэвсэн тусгаарлал үүсгэж, хальсаа дарах, хамгаалах зорилгоор урсгалд саадгүй 0,5 м зузаан бөөрөнхий чулуун давхаргаар хучсан, нөхөн сэргээлтийн бүтцийг эвдэгдэхээс сэргийлсэн 10 метр өндөр хэрмийг хөрсөнд бараг бүхлээр нь шигтгэн суулгажээ. Эль-Молинод гол руу хөрсөн дорхи ус нэвтрэхээс хамгаалсан шүдэрхэг бетон барьер буюу саадыг ёроолыг нь хадан суурьд тулган нийлүүлэн барьжээ.

ЭльМолиногийн бутлуур 1900-аад онд, байгалийн нөхөн сэргээлтийн дараа

Пекосын нөхөн сэргээлтэд инноваци хандлагын өргөн хүрээг ашигласан бөгөөд, үе шаттайгаар, технологийн шинэ дэвшлийг тусган ажиллаж байсныг мэргэжилтнүүд сайшаадаг аж. Пекосын нөхөн сэргээлтийн мөн чанар нь консерваци, изоляци юм. Ташрамд, нөхөн сэргээлт гэх нэр томъёо нь орос хэлэнд рекультиваци бөгөөд, англи хэлэнд ремаркаци гэж ойлгогдлоо. Америк нөхөд яг ч тийм биш гэх агаад, тэднийхээр бол ремаркаци нь рекультиваци мелиорацийн дундхи юм уу, хаашаа юм, нэг тийм нэр томьёоны асуудал байдаг юм билээ.
Пекос хавьд пикник хийхэд, замдаа, Альбукерке дэхи Пуэбло уугуулын соёлын төвд хэлэлцүүлэг өрнүүлэв. Соёлын төвд хэлэлцэхэд эрдэмтэн Жоанна Блейк нэмж ирж оролцов. Тэрбээр уугуулуудад ураны уул уурхай сөргөөр нөлөөлснийг их судалсан хүн.

Орос нөхөд туршлагаа хуваалцаж:  -Овоолгыг далангаар илүү сайн хамгаалах хэрэгтэй. Ус доошоо явахгүй, ургамлаар дамжин дээшээ явна гэдэг нь бүрэн найдвартай биш. 50 см-аас урт ургахгүй үндэстэй ургамал тарьсан гэдэг нь бас бүрэн найдвартай биш, мод ч ургачихсан байна, ингэхлээр 50 см-аас урт үндэстэй ургамлууд дэвсцийг цоолох, эвдэх магадлалтай.

Сувгуудын ёроол зузаарч, өгсөн баталгаанууд алдагдахад хүргэнэ.

Куэста, Пекосын нөхөн сэргээлтийн арга технологи гүйцэд төлөвшөөгүй, боловсрох шатандаа, туршилтын шатандаа байх шиг байна. Куэстад усыг цуглуулж цэвэрлэх, Пекосод усыг тусгаарлах стратеги үйлчилж, эхнийхийг химичид, удаахийг гидрогеологичид боловсруулжээ. Аль аль нь их үнэтэйгээр хэрэгжсэн байна. Оросын хувьд ийм их хөрөнгө хүч зарцуулах боломж өнөөдөр үгүй.
Бид бол химийн реагентын тусламжтайгаар хортой бодисыг саармаг нэгдэл болгох, ашигтай бодисыг ялган авч ашиглах стратегитай, үнэ өртөг ч хямд.

Янз бүрийн физик барьерийг их барьжээ. Хавтгайруулан барих биш, тодорхой тохиолдлуудад, тодорхой цэгүүдэд бариваас зохилтой. Өөр газар 50 м гүнтэй барьер барьсан ч гэж дууллаа. Харин бид тусгаарлалд эндхи шиг их ач холбогдол өгдөггүй.
Куэстад фабрик усыг сульфид, хүнд металлаас цэвэрлэж байна, гэхдээ фабрик бохирдлыг устгадаггүй, фабрик агаарыг бохирдуулдаг. Геохимийн урхи ирээдүйтэй гэж хүүрнэн, америк нөхөд өөрийг үгүүлж, эрч хүчтэй мэтгэлцэв л…

Пекосод маш их хүч хөрөнгө зарж, хаа сайгүй хальс чулуулгаар хучиж тусгаарлаж, газар дор “Цагаан хэрэм” босгож, суваг шуудуугаар бүсэлсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй байна гэж эрхгүй ойлгогдлоо. Пекосын тохиолдолд Оюутолгой зэрэг уурхайнуудтай төстэй нөхцөл байдал багагүй буй гэж мэдрэгдлээ. Өргөн хэмжээгээр өрнөж байгаа Монгол дахи хариуцлагагүй уул уурхай улс ард түмний маань аврал болох ёстой баялгуудыг маань ийм л шийдвэрлэгдэшгүй асуудлууд, хадны мангаанууд болгон хувиргаж мэдэх нь ээ.

Маш их хэл ам таталж байж, Оюутолгойн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гээчийг гаргуулсан агаад, тэр нь нүд хуурч, баялгийн жинхэнэ эздийг доромжилсон хоёрхон хуудас юм байсан гэдэг. Энэ талаар Пол гуай Монголд байхдаа хэвлэлийн хурал хийн шүүмжилж л байсан билээ. Ташрамд, нөхөн сэргээлт гэсэн үгээр гүглдэхэд дорхиноо л Пол гуайн үг яриа гараад ирдэг юм билээ. Тэгэхлээр Монголд нөхөн сэргээлтийн талаар мөн ч их яригддаг байх нь ээ?

/Үргэлжлэл бий/