Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей улс орнууд нийтээр дагаж мөрдөх хүний эрх, эрх чөлөөний стандартыг тодорхойлсон  Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан, 1950 оноос энэ өдрийг “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан билээ.

Энэ жил  хүний эрхийн өдрийг дэлхий  нийтээр  “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” уриатайгаар тэмдэглэж  байна.

НҮБ-ын гишүүн орны хувьд МУ-д хүний эрх, эрх чөлөөг хангах нь МУ-ын ЗГ-ын  үндсэн үүрэг бөгөөд төрийн үүрэг ачаанаас үүрэлцэж буй ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ нь нэн тулгамдсан асуудал болж байна.  МУ-д хүний эрх, нийтийн эрх ашгийг хамгаалагчдыг хамгаалах,  эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хүний эрхийг хамгаалагчдыг айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, дайрч довтлох, гүтгэх, хуурамч хэрэг үүсгэх, хорьж цагдах, ял шийтгэл оногдуулах, тэр ч бүү  хэл амь насыг нь хохироох боллоо.

Байгалийн нөөцийн зүй бус ашиглалт, ард түмэнд ашиггүй гэрээ хэлэлцээр, хулгайн ан, хөрс, агаар, усны бохирдол, гэх мэтээр төрөл бүрийн зөрчил дутагдал гарсаар байна. Монголын сайхан орны үнэ цэнэтэй газрууд, ховор, нэн ховор биологийн төрөл зүйл гадаад, дотоодын сувдаг шуналтнуудын зорилгыг хангах хүйтэн сэтгэлтнүүдийн гарт  сүйтгэгдсээр байгаль орчны эсрэг гэмт хэргүүд шийдэгдэхгүй үлдэн хоцорч, улам бүр нийгмийн хор аюул нь нэмэгдсээр байна.

Үүний сөрөг үр дагаварт Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх болсон. Төр засаг энэ талаар анхаарч арга хэмжээ авахын оронд алт, мөнгө, ашиг орлогыг чухалчлан шүтсэн хэрэгцээнд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлсээр байна.

Эдгээрийг хамгаалахаар ажилладаг, нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болдог, олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээдэг, тодорхой хэмжээнд таслан зогсоодог, илрүүлдэг хүмүүс нь ИНБ-ын хүний эрхийн хамгаалагчид, байгаль хамгалагчид л байдаг.

Эрх мэдэл, мөнгө хөрөнгөгүй ч байгаль дэлхийгээ хоёргүй  сэтгэлээр дээдэлсэн иргэний нийгмийнхэн сүүлийн үеийн цахимжсан, техникжсэн, зохион байгуулалттай, хамгаалалттай, тодорхой зорилго бүхий улс төр бизнесийн бүлэглэлүүдийн эсрэг аргагүй хүчин мөхөсдөж байгаа учраас төр, засгаас энэ хүмүүсийг хамгаалах шаардлагатай байна.  Байгаль хамгаалагчид бид ч бие биеэ дэмжиж, нэг нэгнээ хамтдаа хамгаалах цаг тулсан байна.

            Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үүрэгтэй УИХ, ЗГ үндсэн үүргээ мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагийн тод жишээ бол байгаль хамгаалагч, биологич Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн амь нас  золиослогдсон явдал юм.

Олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалагч гэдэг бол өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хохирлыг арилгуулахын төлөө ажилладаг  хүмүүсийг ойлгодог.

 Хүний эрхийн ТББ-дын Форум,  МБОИЗ болон түүний гишүүд зэрэг нийтийн эрх ашгийн төлөөх зорилго чиглэл бүхий ТББ-уудын хүний эрхийн хамгаалагчид энэ жил “Хүний эрхийг хамгаалагчдыг  хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх” сэдвээр Хүний эрхийн өдрийг тэмдэглэн, хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ, Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчид ямар нөхцөлд  байгааг өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд  дүгнэж, байр сууриа илэрхийлж, олон нийтэд хүргэх зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй цуглаан зохион байгуулж, төр засгаас хүний эрхийг хамгаалагчдын эрхийг баталгаажуулахыг шаардав. Мөн “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” уриатай цуглаанаар хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааны үр дүн, аюулгүй байдлыг хангах шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай  ЗГ-т хүргүүлэх Шааардлагад гарын үсэг цуглуулав.

УИХ ,  ЗГ-ын бодлого,  үйл ажиллагаа нь хүний эрхэд суурилаагүй, харин ч хүний эрх, эрх чөлөөний зөрчилд хүргэх, улмаар ардчиллын хөгжилд ухралт хийх эрсдэл дагуулж  байгааг ХЭ-ийн ТББ-ууд уриа, зурагт хуудсаар  илэрхийлж хүний эрхийн талаар олон нийтэд танилцуулж, эрхийн зөрчлүүдийн талаар байгууллагын удирдлага, гишүүд, жирийн иргэд үг хэлэв.

 

2015 оны 12 сарын 10

Сүхбаатарын талбай