Баянжаргаланд ч, Чёрчрокод ч нууц гамшиг тохиолджээ
Нью-Мексикод ирсэн 8 дахи өдрийн өглөө 2011 оноос ураны аюулын эсрэг мөр зэрэгцэн тэмцэж ирсэн “Голомт” ЦЭХ-ий нөхөд цөмийн хөнөөлийн эсрэг үйл ажиллагаанд маань халуун сэтгэлийн тусламж үзүүлэх болсон баярт мэдээ ирэв. Мөн үзэл бодол нэгт эрхэм дүү Дээг Далантай аялалд маань сайныг ерөөн тус үзүүлэн үдсэн сэн. МБОИЗ-ийн ГЗ Б.Эрдэнэ бараг л намайг хүчээр шахуу АНУ руу явуулсан бол МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн гуай надад өөрийн явах орон тоо, зардлаа найр тавин өгсөн байдаг. Энэ нөхдийнхөө халуун сэтгэл, эерэг эрч хүчинд баясан “Блю” буудлын баруунтаахи цэцэрлэгт, модны дунд орон, гараа алдлан “баярлалаа!!!” хэмээн хашхирч орхисон минь үнэнтэй.
Ингээд сэтгэл хангалуунаар Сибола каунти буюу хошууг зорин давхилаа.
Сибола нь анх алт олборлогдсоноос эхлээд маш их уул уурхайжсан газар. Төв нь Канадын алт олборлогч ахан дүү Грантсын нэрийг зүүсэн, 9000 хүнтэй хот буй. Уул уурхайн буум үед Грантс хөгжин цэцэглэж байсан бол нэгэн үе эзгүйрч хий үзэгдэл-хот ч гэгдэж байв.
Энэ хавь нь пуэбло буюу керес гэх садан төрөл уугуул омгуудын нутаг. Пуэбло нь испаниар ард түмэн гэсэн үг. Одоо пуэбло нар 32 мянга орчим. Анасази, Могольон, Патая нарын хойчуудын нэг. Анасази нар хад ухаж тосгон барьдгаараа алдартай, хосгүй соёлыг бүтээсэн түмэн. Пуэблочууд таос, лагуна, акома, зуни, хопи, шошон, тано зэрэг хэлүүдээр ярина, гэхдээ англиар ярих нь арвин болсон. Пуэбло нарыг ацтекчуудтай ойр гэдэг.
Арван есөн пуэбло буй гэх бөгөөд, энд байх хугацаанд Таос Пуэбло, Лагуна Пуэбло, Акома Пуэблогийн нутагт нэлээн саатаж, Сандиа Пуэбло, Санта Ана Пуэбло, Сан Фелипе Пуэбло, Кэва Пуэбло, Тесукве Пуэбло, Похоакве Пуэбло, Санта Клара Пуэбло, Окай Оуинге Пуэбло, Зуни Пуэбло нарын нутгаар дайрч өнгөрсөн байдаг. Арван хоёр Пуэблод нь очсон маягтай.
Акома нутагт уулзсан цөмийн эсрэг үзэлтнүүдийн нэг хэсэг
Акомагийн нутагт, Кива ресторанд ураны эсрэг үзэлтнүүдийн майдан хийцгээв. Акомагийн алдарт анти-ньюк тэмцэгч Петуучи Жилберт, Лагунагийн тэмцэгч Лора Ватчемпино, “Индепендент” сонины сэтгүүлч Кэти Хэлмс, Кайла Ниммо нар бидэн дээр нэмэгдсэн хэрэг.
Бидний байгаа Акома буюу уугуулуудын нэрлэдгээр Аку индианы сум нь Альбукерке хотоос баруун тийш 97 км-т оршно. Газар нутаг нь 2 сая га бөгөөд жинхэнэ нутгийнх нь 10% гэнэ. Акома резервацид 5000 акома амьдардаг, 800 жил энд оршин суугаа гэдэг, өөрсдөө бол 2-10 мянган жил сууж байгаа ч гэдэг. Мөн өөрсдийгөө Анасази, Могольон нарын удам гэдэг. Лагуна нартай их ойролцоо, керес хэлний салбар акома хэлээр хэлэлцдэг. 1980-аад онд аку хэлээр 1696 хүн ярьж байсан бол 90-ээд онд лагуна хэлээр 1695 хүн ярьж байжээ.
Акома нар ирж, нутгийн индиануудтай зөрчилдсөн тул хадан дээр хот барьж суусан аж. Акома Скай Сити гэх тус хотод бид хоёр хоногийн дараа очсон. Ташрамд Америкад хот, суурин, тосгон бүгдийг нь хот гэчих гээд байдаг. Скай Ситид оршин суугчид нь өвөг дээдсийн ёсоор амьдрахыг хичээж, цахилгаан, ус дулааны сүлжээнээс татгалзсан байдаг.
Нью–Мексико мужийн бохирдлын байдлыг MASE байгууллагын нугалбарт үзүүлсэн нь
Нэн идэвхтэй, ажил хэрэгч ноён Жилберт МАСЭ (MASE, The Multiicultral Alliance for a Safe Environment) гэх нэр нөлөөтэй индианы ТББ-ын тэргүүн.
“Ус, Агаар, Газар, Ариун Шүтлэгийнхээ төлөө” гэх уриатай эл байгууллага нь:
-Чёрчрок, Кроупоинтод situ leach mining буюу уусган баяжуулах уул уурхай нээхийг хорих,
-Хоумстэйк/Бэррик Гоулдын ураны уурхайн цацраг идэвхит овоолго хаядсын радоны сөрөг нөлөөг багасгах,
-RECA (Radiation Exposure Compensation Act) буюу Радиацийн хохирлыг барагдуулах хуулийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх,
-Зүүн Хойд Чёрчрокийн уурхайн нөхөн сэргээлтийг сайжруулах,
-Хүний эрүүл мэндийг нөхөн сэргээх,
-Ариун гэгээн Тэйлор ууланд Рока Хондагийн, Ла Хара Месагийн ураны төслийг хэрэгжүүлэхийг таслан зогсоох зэрэг асуудлаар судлан шаардан ажилладаг байна.
Лора Ватчемпино судлаач пермийн үеэс, 250-300 сая жил амгалан тайван байсан нутгийн хөрс шороог онгичиж, ус ховор газар улам ч усгүй хуурай болгон балаг тарьж байгаа ураны уул уурхайн явдлыг баримт нотолгоотой ярьлаа.
Доктор А.М.Плюснин Байгаль хавь дахи бохирдол ихтэй газруудын талаар ярилаа. Хиагдагийн 47 мянган тонн нөөцтэй ураны ордыг түшиглэн, ОАО “Хиагда” ажиллаж байгаа бөгөөд, 2019 оноос жилд 2800 тонн уран үйлдвэрлэнэ. Энд бохирдол их.
Краснокаменскад овоолго хаядас, уран олборлогч ОАО “ППГХО”, алт олборлолын хаядас, ТЭЦ зэргээс их хэмжээний бохирдол ирдэг. Краснокаменск руу “ППГХО” машин, вагоноор натрийн полиуранат зөөвөрлөдөг. “ППГХО” буюу Аргуны уурхай-химийн үйлдвэрлэлийн нэгдэл нь 224 мянган тонны нөөцтэй Стрельцовын ураны талбайг түшиглэн Оросын уран олборлолын 93 хувийг гүйцэтгэж, Оросын хэрэглээний 1/3-ийг хангадаг. Буриад, Байгаль хавьд Оросын ураны олборлол-үйлдвэрлэлийн төвлөрөл оршиж байна.
Модонхөл голын орчим хөрсөн дорхи усыг фтор, нитрат, сульфат, хүнд металлын бохирдлоос цэвэрлэх шаардлагатай. Бас овоолгоос гардаг, эрдэсжсэн усыг цэвэрлэх шаардлагатай. Бохирдсон усыг дрендэж, тунгаах цөөрмүүдэд цэвэрлэх, тунгаан шүүж цэвэрлэх байгууламж барих, саармагжуулах реагент болгон шохойн чулууг ашиглах зэрэг арга замуудыг ашиглан эрчимтэй арга хэмжээ авахгүй бол тун аюултай гэхчилэн ярихыг сонсоод, манайд уул уурхайн нөхөн сэргээлтээр ус цэвэрлэлээ гэж ер дуулдахгүй юм, болж л байдаг юм байх даа гэж бодож суув.
Доктор О.Смирнова бурхан болооч нөхрийн хамт Закаменскийн бохирдлын талаар тодорхой судалж, анх шинжлэх ухааны эргэлтэд дорвитойхон оруулсан хүн юм. Закаменск, Краснокаменск, Хиагда, Бунгорхон зэрэг айхавтар их бохирдсон дөрвөн газар Байгаль хавьд байдаг гэж тэр яриагаа эхлэв.
Закаменск хавь тугалга, цайр, фтор, молибден, зэс, сурьма, арсени буюу хүнцлээр бохирдсон. Ардуудын тариалсан ногоог шинжлэхэд төмсөнд зэс зөвшөөрөгдөх хэмжээнээс 80 дахин, зэс 20 дахин, цайр 10 дахин, манжинд молибден 120 дахин их байгаа дундаж гарчээ. Шинэ хорт эрдэс ихээр үүсч байгаа нь 5% фтор, 10% алимны исэл, 35% цахиур агуулсан аж. 2011 оноос Закаменскийн бохирдлыг багасгах ажил эхэлсэн агаад 3,2 сая тонн хаядас зөөж зайлуулжээ.
Жидагийн вольфрам, молибдений комбинат бохирдол их үүсгэдэг. Кяхтинка голын цэвэрлэх байгууламж эвдэрч ашиглалтаас гарснаас болж, бас их бохирдол тарж, эл голоор дамжин Монголын нутагт орж, Сэлэнгэд цутгаж байгаа аж.
Бид бүхний яриаг сэтгүүлч Кэти Хелмс хичээнгүйлэн буулгана. Тэрбээр уран, экологийг нэгэн гол сэдвээ болгосон сэтгүүлч билээ. Тэрбээр аян замд Хоумстэйк уурхайн орчмын Дилла отгийнхны тухай ярив. Дилла отогт 110 гэр бүл багтна. EPA-гийн лимитээс 5,5 дахин давсан радон диллачуудын хувьд хорт хавдрын төвшинг 18 дахин өсгөжээ. Дилла отгийн Памела Шрайнер гэдэг 57 настай эмэгтэй хорт хавдраар 3 удаа өвчилсөн, одоо хорт хавдрын 3 дахи шатанд байгаа. Цацрагийн хороос болж, аав ээж ах дүү нь бүгд нас барж, өөрөө дүүгийн хамт л амьд үлджээ. Хоумстэйк уурхайн эргэн тойронд ойр байсан хүмүүсээс амьд үлдсэн нь цөөн.
Хоумстейк, Эймброзиэгийн орчмын цацраг идэвхит хаядсын аварга овоолго
Милан хотын орчимхи Хоумстейк компаний уурхайн орчинд усыг урвуу осмосын аргаар цэвэрлэх түвэгтэй нарийн бөгөөд үнэ өртөг ихтэй процесс явагдаж байна. ЕРА ойролцоо орших Керри Макжи компаний ураны уурхайн нөлөөлөлд орсон, Сибола, Маккинли хошууг дамнан орших Эймброзиэ нуурыг цэвэрлэхэд 985 сая долларыг төлөвлөжээ. Ураны бохирдол гэхэд л энэ хавьд ЗДХ-ээс (зөвшөөрөгдөх дээд хэмжээ) 6 дахин их. 50 амыг 2020 он хүртэл цэвэрлэнэ. Бохирдлыг төвлөрүүлэхэд цеолит ашиглаж байгаа бөгөөд зарим хүн цеолитээр энд цэвэрлэж байгаа нь муурын туалеттэй адил хэмээн дурамжхан байдаг байна.
Уранаас гадна, селен, давсаар бохирдсон усыг помпоор соруулж хуримтлуулна. Ууршуулах аргыг бас цэвэршүүлэх ажилд хэрэглэх бөгөөд үүнд оргилуур буюу фонтаныг ашиглана. 8 ам км талбайг нөхөн сэргээхийн 3 ам км-ийг нь амжуулаад байгаа гэвч, цэвэрлэх явцад шинэ бохирдол үүсч тархаад болохгүй байгаа гэх. Агаарт химийн бодис тарж байна, элсэн манхан байснаа ногоон болсон гэх газар торий үлдсэн агаад тэр нь хөдөлгөөн муутай тул аюулгүй гэдэг байна. Бидний хашааных нь дэргэд зогсч буй газрын нөхөн сэргээлтэд 300 сая доллар зарцуулаад байгаа аж. 30 мянган литр усыг минутад цэвэрлэх хүчирхэг фабрик ажиллаж байгаа ч, нэг бохирдлыг цэвэрлэвч, нөгөөг үүсгэн ахиад цэвэрлэх битүү тойрог үүсч, хэзээ ч бүтэхгүй ажилтай болсон гэх. Сүүлдээ ч бүгдийг нь булж, салдаг юм уу гэсэн хувилбар яригдах болжээ.
Уусган баяжуулах арга хоргүй гэдэг атал байдал ийм л болж. 100 орчим сая тонн ураны нөөцийг хайж тогтоосон агаад 8 саяыг олборлоод атал байгаль орчин ноцтой бохирдсон тул одоо зөвхөн нөхөн сэргээх ажил энд явагдаж байна. Давс зэрэг бодисыг ялгаж авч ашиглах хувилбар яригдсан ч, бас л их бохирдол үүсэх төлөв мэдэгдсэн тул түдгэлзжээ.
Маунт Тэйлор Майнинг хэмээх хаягдсан ураны уурхайд (ХУУ) бид очив. 1980 оноос үйл ажиллагаа явуулаагүй аж. Энд цацраг идэвхит хаядас их бий. Бид түр зогссон гээд нөхөн сэргээлт хийдэггүй байна. Бас хувийн өмч тул нэвтэрч, ойртож болохгүй гээд хяналт тавиулахгүй. ХУУ буюу AUM (Abandoned Uranium Mines) нь Америкийн толгойн өвчин болоод байгаа. Нөхөн сэргээлтийг хариуцах эзэн олдохгүй бол ЕРА хийдэг болно.
Уурхайн газрыг худалдаж авчихаад, манайх ажиллаж байгаа, түр зогссон, зах зээлийн байдлыг харж байгаад дахиад ажиллуулна гээд нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд ч байдаг аж. Нэгэнт газар нь өөрсдийнх нь өмч тул ингээд аргацаагаад байхад хэн ч бараг хэл ам татлахгүй юм байх. Өөрийнхөө газар дээр яасан ч дур юм уу даа. Ураны зах зээлийн нөхцөл байдал хүндэрсэн тул үнэхээр түр, бүр зогссон уурхай ч цөөнгүй.
Тэйлорын уурхайн асуудал болон овоорсон хаядас овоолго танд Монголын ямар жишээг санагдуулж байна гэж сэтгүүлч Кайла асуув. Тэйлор Мардайн жишээг эрхгүй санагдуулав. Гэхдээ ялгаа их бий. Зөвлөлт нөхдийн гээгээд явсан эл газар ямар ч анхааруулга сануулга, хаалт хориг байхгүй, ёстой л хаалга задгай эндхийн хаанаас нь ч орж болно. Овоолго дээр цацраг 10 микрозиверт/цаг, айлд 0,41 микрозиверт/цаг хэмжигдэж байсан. Дорнодод хорт хавдрын төвшин улсын дунджаас 4 дахин их бөгөөтөл, төрөөс амны уншлага болсон, хамуу, БЗХӨ-өө онош гэж тоочдог. Мардайд цацрагт бодис хадгалж байсан, радиацийн аюултай гэх символ, орос хэлээрхи бичигтэй агуулахын барилгын материалаар айл пин барьчихсан байдаг.
Зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо гэдэг. Буруу явбал уул уурхай гэдэг мөн ч хатуу хорвоо юмсанжээ.
Сэтгүүлч К.Хелмс, К. Ниммо нарт би “Нийтлэл бичихэд жаахан давслахгүй бол амтгүй байдаг юм. Осмос гэдгийг космос гэж бичихгүй бол хүн уншихгүй. Мөн Буриадаас ирсэн зочид Нью-Мексиког аврах гэж байна ч гэдэг юм уу, дэлхийг аврах гэж байна гэсэн гарчиг өгөөрэй” гэж хошигнон инээдэм тарьж явав. Хэд хоногийн дараа “Ураны өв: Олон улсын солилцооны бүлэг цэвэр байгаль дэлхийн төлөө ажиллаж байна” гэсэн нийтлэл тус сонинд нийтлэгдсэн билээ.
“Индепендент” сонинд нийтлэгдсэн сурвалжлага
Хоумстэйкийн уурхайд очсоны дараа бид Гэллап хотын Super 8 буудалд буулаа. “Бид ч бас Супер 8 юм. Гэри, Марина хоёр одоохондоо алга” гэж наргицгаав. Хошин нөхөрсөг уур амьсгал бидний салшгүй дагуул байв. Ногоонтны хартид ч тийм бай гэдэг. Энэ өдөр цунами, хуй болно гэх яриа түгсэн, орой хүчтэй салхитай ч байв. Би “На улице Торнадо/На уме Коронадо” гэж шүлэглэн нөхдийг инээлгэх жишээний. Дэлгүүр хоршоо орох боломж ер олдохгүй өдөр хоногууд өнгөрч, гэрийн даалгавруудыг биелүүлэхэд зарим нэг хэмжээгээр санаа зовцгоож байсан хэрэг л дээ. Коронадо гэж Альбукеркегийн гол худалдааны төв юм.
Гэллап нь навахо хэлээр Нанижоожи, 21,6 мянган хүн амтай. 1881 онд ТЗ-ын зангилаа болж үүссэн, Атлантик-Пасификийн ТЗ-ын бүтээн байгуулалтын зүтгэлтэн Дэвид Гэллапын нэрийг зүүсэн, үнэхээр ч ачааны болон зорчигчийн хоёр давхар вагон цувсан, чимээ нь сүртэй түжигнэсэн газар юм билээ. Индиан нутгийн зүрх, Дэлхийн индианы нийслэл гэгдсэн, уугуулуудын соёлын чухал төв. Гэмт хэргийн төвшин нь 2012 онд АНУ-ын дунджаас 5 дахин их болж байсан, Нью-Мексиктээ бол тэргүүлдэг, Альбукеркегээс 2 дахин их гэмт хэрэг гардаг. Гэллапад олон киноны зураг авалт болж, Жон Уэйн, Роналд Рейган, Хёмфри Богарт, Кэтрин Хепбёрн, Кирк Дуглас, Грегори Пек, Бёрт ланкастер нар үзүүлж өгч байсан гэнэ.
Альбукерке ч 90-ээд онд АНУ-даа гэмт хэргээр тэргүүлж байсан агаад, Breaking Bad сериалын зургийг энд санаандгүй аваагүй. Миний бие нэгэн шөнө зочид буудлын нийтийн тагтаар явж байтал дэргэдхи цэцэрлэгийн хажууд 5 удаа буу тасхийж, тэр дороо нэг бараан машин хурдлан одсон билээ. Доош буухад секьюрити, ресепшн сандарсан, дээш буцахад манай өрөө рүү утасдсан, хүмүүс хэн нэгнийг хайж гүйлдсэн байсан. Маргааш нь энэ тухай өчвөөс Наталья манай энд энгийн үзэгдэл хэмээж, нөхөд “Мөнхбаярыг буудсан” гэж намайг цаашлуулж гарсан билээ л.
Навахо руу хөдлөхийн өмнө цөмийн эсрэг активист буюу идэвхтэн Тедди Нез бидэнтэй уулзан хэлэлцүүлэг өрнүүлэв. Навахо хүний бүтэн нэр овогт ээж аав, эмээ өвөө, нутаг усны нэр багтдаг агаад, тэр уламжлалаар бол Цэдээшогижнии То ахээдлнии Накаии динэ э Кин-яаа-ааний Тодичи ии нии Биих битооднии юм. Тэрбээр Вьетнамын дайны үед цэрэгт татагдан, ногоон малгайтан десантчин болж тулалдсан агаад, шархдаж эрүүл мэндээр хохирон,” хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан” гэх үнэлгээтэйгээр эх орондоо эгэн иржээ. Гэтэл цөмийн хордлогод өртөн улам сүйрсэн байна. Тэрбээр насан турш өвдөж шаналж, зовиураас зовиурын хооронд аргацаан хоног өдрийг өнгөрүүлэн туулж иржээ. Одоо зочид буудалд суудаг.
“B52 онгоцоор бөмбөгдсөн вьетнам нутгаас ирсэн би B52 онгоцоор бөмбөгдсөн мэт навахо нутгаа хайрлан шимширч, эргэлт буцалтгүй цөмийн эсрэг тэмцэгч болсон доо” гэж тэрбээр сүүрс алдан өгүүлнэ. Хөрс, ус, тариалан, ургамал, агаар, ариун газар, соёлын үнэ цэнэ, мал сүргээ цөмийн хөнөөлөөс хамгаалах, хүний эрүүл мэнд, байгаль орчны эрүүл мэндийг аль алийг нь ураны уршгаас өмгөөлөх үйлсэд тэрбээр амьдралаа зориулжээ. Индианчууд нь байгаль орчинтойгоо шүтэлцэн барилдаж амьдардаг, байгалиа эрхэмлэн дээдэлдэг нь монголчуудын уламжлалтай ойролцоо. Монголчууд Эцэг Тэнгэр, Эх Дэлхий гэдэг бол индианчууд Эх Тэнгэр, Эх Дэлхий гэдэг. Эхийн эрхт ёс буюу матернализмын нөлөө байдагтай холбоотой юм болов уу. Я-атэ гэж мэндлэх нь хорвоотой хамт гэсэн утгатай гэнэ.
Тэмцэгч Тедди Незийн хамт Гэллап хотноо
Навахо омгийн удирдлага 2015 онд Навахо Нэйшн, Навахо Үндэстэн буюу резерваци, аймгийнхаа нутагт ураны хайгуул, олборлол, үйлдвэрлэлийг хориглосон. Гэвч ураны компаниуд тэрхүү хоригийг цуцлуулна, тэр бүү хэл ариун шүтээн газруудад уул уурхай эрхлэнэ хэмээн дайрч байна. Динегийн Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль буюу Нахасзаан доо Ядилхил Биц-аадээ Бээхаз-аании Дине-г энэ нь үл хүндлэн хөсөрдүүлж буй явдал. Дине гэдэг нь навахочуудын унаган нэр бөгөөд, шилжүүлэн суурьшуулагдсаныгаа наабийхоо буюу навахо гэдэг байна. Бүх динег резервацид шилжүүлэн суурьшуулсан даа.
Навахогийн 6 ариун уул байдаг нь Цоозил, Сиснажини, Доок-о-оослиид, Дибэ Ницаа, Зил На-оодилии, Зил Ч-оол-и-и. Цоозил гэж Тэйлорыг хэлж байна. Тэйлор уул нь навахо, акома, лагуна, зуни, хопи нарын хувьд ариун шүтээн агаад, уламжлалт шүтлэгт нь хүн анх үүссэн уул гэдэг. Ерөнхийлөгч Закари Тейлорын нэрээр нэрлэгдсэн эл уулыг навахо нар Цоозил буюу Оюу уул гэх бөгөөд, энд Хар Бурхан, Оюу хүү, Оюу охин шүтээн буй гэдэг. 3 сая жилийн өмнө идэвхтэй байсан галт уул юм. Бид Тэйлор уулын гэх уурхайд очиж байсан.
Тэдди Нэз Улаан усны замын цөөрмийн отгийн гишүүн юм. Red Water Road Pond Community Association (RWRPCA) нэрийн дор цөмийн эсрэг дайчин тууштай тэмцдэг, MASE-гийн гишүүн бүлхэм болж явдаг отгийнхон.
Нез гуай төрөл бүрийн арга хэлбэрээр тэмцдэг, идэвх санаачлагатай нэгэн. Нэгэн удаа хувцас дотроо жижиг гэрлүүд зүүгээд хуралд очжээ. Чингээд төрийн төлөөлөгчид асуудлаа ярих зуур гэрлээ сэм асааж, гайхан ангайсан хүмүүст хандан би радиацид их өртөөд гэрэлтдэг болоод байна гэж наргисан гэнэ.
Миний бие аливаа уулзалтын төгсгөлд зарим хэмжээгээр улс төрийн ч гэмээр өнгө аястай, нэгтгэн дүгнэсэн бас характертай, тэмцэл хөдөлгөөнд уриалан дуудсан чанартай үг хэлж орхино. Монгол индиан хүмүүсийн бэлгэзүйг оруулж байгаад л үг хэлж, эцэст нь я-атэ хэмээн хэлж гар барьвал Нез гуай бид салахдаа хэ хэ гэдэг ээ гэв.
Пуэрко голын усыг ашиглаж болохгүй гэсэн анхааруулга
Юнайтед нуклиэр корпорэшн олборлол явуулж байсан, одоо Женерал Электрикийн мэдэлд очсон Чёрчрокийн уурхайд очицгоолоо. Энд усыг цуглуулж цэвэрлэсэн байна. Гадаадад ус цэвэрлэхийг нөхөн сэргээлтийн гол зүйл гэж чухалчлах юм. Манайд болохоор ус цэвэрлэлээ гэж дуулддаггүй нь сонин. Тэр гол, энэ нуур янз бүрийн өнгө үнэртэйгээр урслаа, яанаа ийнээ гэж фейсбүкэд зургийг нь тавиад л бүх асуудал гүйцээ.
Чёрчрокийн хаядсыг 2 фут хөрсөөр хучсан. Гэхдээ үл нэвтрүүлэх давхаргаар хөрс болон хаядсыг тусгаарлаагүй. Ус хураар бохирдол тардаг. Бүх хаядас овоолгыг өөр тийш нь зөөж зайлуул гэсэн шаардлага тавигддаг ч хүлээж авах газар олддоггүй. Урсгал ус ч энд буй.
Газар сайгүй л ийм цөмийн асар их хаягдлууд тохиолдох аж. Сүүлд нь цэвэрлэх үйлчлэх зардал гардаг тул уран олборлох нь улам бүр эдийн засгийн үр ашиггүй болж байгаа аж. Цэвэрлэх үйлчлэх шаардлагагүй, зохих хууль тогтоомж, эко стандарт хэрэгждэггүй газар л олборлогчдод үр ашигтай байх аж. Сая сая тонн цөмөөр бохирдсон хаядас өмнө маань байх.
Байсгээд л энд цацрагийн түгшүүр зарлагдаж айлуудыг нүүлгэн, зочид буудалд эздийг байрлуулж, орчныг сайтар цэвэрлэх хэрэг гарна. Аюултай хаядсан толгодын дунд үхлийн цөөрөм үүснэ.
Чёрчрокийн хаядсын далангийн сэтрэл
Энд 1967-1982 онд өдөрт 4000 тонн, нийтдээ 3,5 сая тонн хаядас гаргасан олборлол, баяжуулалт явагджээ. Хаядсыг барилгын ажилд ашиглаж байв. 1977 онд хаядас овоолгын даланд ан цав илэрч, сэтрэл үүсч магадгүй гэж сэрэмжлүүлж байсан ч, зохих арга хэмжээг аваагүй байна. 1979.7.6-нд борооноос болж, далан 20 футын өргөнтэйгээр сэтрэн, Churchrock Uranium Mill Spill гэх гамшиг тохион, 1100 тонн хатуу цацраг идэвхит хаягдал, 94 сая галлон цацраг идэвхит, хүчиллэг бохир ус тархаж, Пуэрко голд оржээ. 80 миль буюу 130 км-ын зайтай Навахо Нэйшний нутаг, Аризона дахь Навахо хошуу, 17 милийн зайтайхи Гэллап хот руу хүрчээ.
Энэ осол, үүдэх хордлогын талаар навахо нарт шуурхай мэдээлээгүй. Хам хум англиар мэдээлснийг англи хэл эс мэдэгч, тархай бутархай суугч навахо нар төдийлөн ойлгоогүй, ойлгуулъя ч гэж хичээгээгүй. Харин ч хаа холын, зүүн хойд хязгаарын Пеннсильвания мужийн Три Майл Айлендын ослоос болж өөрчлөлт гарсан гэж ойлгуулахыг оролдож ч байжээ.
1979.3.28-нд Three Mile Island Accident гэх АЦС-ын томоохон осол гарасан билээ. Чернобылээс өмнө хамгийн томд орж байсан энэ ослоос болж реактор ихээхэн гэмтэж, цөмийн түлш хайлж, цацрагтай хий, ус тархжээ. Гэвч аюул осолгүй хэмээн суртал ухуулга явуулж, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Картер 4-р сарын 1-нд өөрийн биеэр ирж, байдал хэвийн хэмээн сурталчилж байжээ. Чёрчрокод удалгүй осол гарсан нь хүйтэн дайны өрсөлдөөн сөргөлдөөний ээдрээтэй үед АНУ-ын ЗГ-ыг маш эвгүй байдалд оруулсан нь мэдээж.
Чёрчрокийн осол нь Три Майлынхаас их хор хөнөөлтэй байсан ч төрөөс аль болох нуун далдлахыг оролдож. 1983 онд ЕРА-гээс 525 мянган $ бохирдол цэвэрлэхэд гаргах хэрэгтэй гэж үзжээ.
Айлуудын гаднахи бохирдсон хөрсийг хуулан зөөж байна
Ундны усанд цацраг идэвхи ЗДХ-ээс 7000 дахин их хэмжигдэж байв. Хүмүүс Пуэрко голын усыг амьдрал ахуйдаа, бүр хоол ундандаа өргөн хэрэглэсээр. Гар хөлийн арьс түлэгдэхэд эмнэлэгт хурц нарны нөлөө гэж байв. Мал олноор үхэв. 1700 хүний цэвэр ус ашиглах боломж нь алдагджээ. Хэлмэгдсэн районд өдөрт 30 000 галллон ус хэрэгтэй байхад, Юнайтед нуклиэр корпорэшн 600 галлоныг авчирч байв. 1981 онд төрөөс цэвэр ус зөөвөрлөн аваачих ажлыг зогсоожээ.
4970 ам метр радийтай хөрсийг хусч зайлуулж, усыг цэвэрлэжээ. Хожим АНУ-ын Конгресс Навахо Нэйшний хөрсийг цэвэрлэх 5 жилийн төлөвлөгөөг баталсан байна. Хүний эрүүл мэндийн талаар харин хангалттай зүйл хийгээгүй сэнж.
Бид бүхэнтэй хэдийнээ танилцсан доктор Жонни Льюис Чёрчрокийн орчмынхны болон ер нь навахо нарын эрүүл мэндийг 10 гаруй жил ажиглан судалсан хүн. Өмнө нь бага судлагдсан байжээ. Түүний судалгаанаас үзвэл, навахо нар уушигны өвчнөөр өвчлөх нь бага эрүүл чийрэг хүмүүс байсан ч, уушигны өвчлөл, уушигны хорт хавдар тэдний дунд эрс нэмэгджээ. Уушигны хорт хавдартай уурхайчдын дундаж наслалт 44 аж. Зүрх, бөөр, шүдний өвчин, судас хатуурал, дархлааны эмгэг, даралт хэтрэлт дунджаас их. Навахо нарын орлого бага, ажилгүйдэл түгмэл, дэд бүтэц тааруу, уран, хүнцлийн бохирдол тархмал зэрэг нь байдлыг улам хүндрүүлнэ.
Navajo Birth Cohort Study гэх төрөлт, ургийг судлах хөтөлбөрийн бэлгэдэл
Navajo Birth Cohort Study гэх төрөлт, ургийг судлах хөтөлбөрт 1500 навахо эмэгтэйг хамруулан судалсан. Төрөлхийн дефект дунджаас 1,83 дахин өндөр, үхсэн ураг, зулбалт, дутуу төрөлт, хромосомын зөрчил, нярайн эндэлт, даралт хэтрэлт, диабетын төвшин, жин багадалт их гэсэн үзүүлэлт гарчээ.
Энд бидэнтэй танилцсан доктор Жоанна Блэйк Аризоны Навахо хошууны ХУУ-нуудын хаягдлын спектроскопи, микроскопи гэсэн сэдвээр ултай суурьтай судалгаа хийсэн. Навахо нарын эрүүл мэнд бол бага судлагдсан сэдэв.
DiNEH (Dine Network for Environmental Health) буюу Динегийн байгаль орчны эрүүл мэндийн сүлжээ гэх хөтөлбөр хэрэгжин, ураны хаядас, ХУУ-гаас болж хохирсон гэр бүлүүдийг байдлыг хөнгөвчилдөг. Муж улс, холбооны байгууллагууд, индианы өөртөө засах байгууллагууд, ТББ-ууд, компаниуд, идэвхтэн иргэд хамтран навахогийн бохирдлын эсрэг ихээхэн үйл ажиллагаа явуулж байгаа ч асуудал мундахгүй, шийдэгдэхгүй хэвээр.
Чернобылиэс өмнө хамгийн томд орж байсан Чёрчрокийн нууц сүйрэл нь, алс холын Дундговийн Баянжаргалан, Өлзийт сумдад тохиолдсон явдлыг өөрийн эрхгүй бодогдуулнам. Тэнд ураны хайгуулын буруу үйл ажиллагаанаас болж, 10 000 ямаа халдварт өвчний шинжгүйгээр үхэж, хүн ч нас барж, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болж, ургамал мутацид орж гажуудан, байгаль орчин бохирдсон. Гэтэл энэ асуудлыг судлан, дэвшүүлсэн эмч Д.Жаргалсайханыг тагнуулынхан шүлхий,боом өвчин тараасан гэж дарамталж, хэргийг замхруулж байсан. Малын эмч хүн тэдгээр өвчнийг тагнуулаас илүү таних нь ойлгомжтой. Сэг зэмийг амьтан шувуу хөндөхгүй, ялзарч муудахгүй байсан нь цацрагжсаны шинж болой. Ураны хайгуулыг дараа нь ямар шалтгаанаар ч юм, түр зогсоосон.
Гэвч өнөөдөр уг хэргийг үйлдсэн “Гурвансайхан” компани ахин идэвхжиж, Дундговьд ураны үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Дорнодын Гурвансайханы ордоос өөртөө оногдох хэсгийн 85 хувийг Канадын Дэнисон Майнз Чехийн Юраниэм индастри компанид 20 сая доллараар зарсан. Ордын 70 хувийг Дэнисон Майнз, 15 хувийг Оросын Геологоразведка компаниуд, 15 хувийг Монголын ЗГ эзэмшиж ирсэн байдаг.
Ийнхүү өчнөөн балаг тарьчихаад юу ч болоогүй юм шиг, хүний юмаар хүүдэгнэн нэр цэвэр мэт явдаг нь ураны компаниудын гэм биш зан.
/Үргэлжлэл бий/