Байгаль хамгаалах сарын ажлууд үргэлжилсээр.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгоход үнэтэй хувь нэмэр оруулсан “ЭКО ХАТАГТАЙ” Батсүхийн Саранчимэгийн тухай “Forbes Mongolia” сэтгүүлд гарсан нийтлэлийг хүргэж байна. “Forbes Mongolia” түүнийг “Амьдрал бүтээгч эко хатагтай” хэмээн онцолжээ.
Амьдралын мөн чанар “бүтээхэд” оршдог гэдгийг утгаар нь харуулж яваа эрхэм Батсүхийн Саранчимэгийн мөрөөр нь хамт аялцгаая.
ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ЗАМ
Айлын том охины хариуцлагатай бөгөөд аз жаргалтай хүүхэд насыг Б.Саранчимэг туулсан. Гурван дүүгээ халамжилж, аав ээждээ тус болохын зэрэгцээ хичээл номондоо онцгой хүүхэд байв. Эдийн засагч аав, эмийн санч ээжийн ажилч хичээнгүй чанар охины суурь хүмүүжилд жинхэнэ үржил шимт хөрс болсон бөгөөд математиктаа гойд сайн тэрээр улсын олимпиадад тогтмол оролцон манлайлж, Оросын сэтгүүлд явуулсан бодлого нь шалгарч, шагнуулж байсан удаатай. Сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргын алба хашиж, хөвгүүдтэй шатраар ана мана үзэж явсан Б.Саранчимэг дунд сургуулиа төгсөхдөө дүнгийн жагсаалтаар эхний байранд орж, аавынхаа зөвлөснөөр ЗХУ-ын /хуучин нэрээр/ Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийн Удирдлагын автоматчлагдсан систем мэргэжлийг сонгон, амжилттай төгссөн байна.
Оюутан цагийн ачааллыг торох юмгүй давж, математик, физикийн хичээлээ чөлөөлөгдсөнөөс гадна шатрын спортын мастер хамгааллаа. Төгсөж ирээд УИХ-ын Тамгын газарт систем администратораар ажлын гараагаа эхэлж байсан тэрээр их хурлын анхны вэбсайтыг хийх гэж шөнөжингөө код бичин сууж байсан үеэ ярьж, хамт олноосоо сурсан мэдсэнээ дурсах тун дуртай.
Тухайн үед нэрийг нь сонсоод сүрдэм Систем администраторын ажил үүрэг нь түүнд аливаад шинжлэх ухаанчаар хандах төлөвшил суулгасан төдийгүй Америк хэмээх их гүрэнд мэдээллийн системээр гүнзгийрүүлэн суралцах боломжийг өгчээ.
БАЙГАЛЬД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗАМ
Америкт суралцах үедээ Нью-Йорк хотын төв парк хотын уур амьсгал хийгээд хүн амын сэтгэл зүй, эрүүл мэндэд эергээр нөлөөлж буйг харснаас хойш “Монголдоо ийм том цэцэрлэгт хүрээлэн байгуулах юмсан” гэсэн нууцхан агаад том мөрөөдөлтэй болсон байв. Энэхүү хүсэл мөрөөдөл нь түүнийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” төслийг удирдахад нэгэн гүүр болсон гэлтэй.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын / ҮЦХ/-гийн дарга, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр “Хүнд буян болъё гэвэл тархинд нь хөрөнгө оруул, байгальд буян хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо” хэмээх үгийг амьдралдаа зарчим болгодог.
Өдөр ирэх бүр өргөжин тэлж буй их хотын уушиг нь ногоон байгууламж, Улс үндэстний хөгжлийн зөв гарц бол экологид ээлтэй, хүн, нийгмийн хөгжлийг хангасан эдийн засаг буюу тогтвортой хөгжил гэдгийг ойлгон ухаарсан тэрээр үр хүүхдүүдийнхээ сайхан ирээдүйн төлөө “Ногоон хотыг хамтдаа бүтээцгээе” гэсэн үгийг уриа болгон ажилладаг. Саранчимэг дэд бүтэц гэх зүйлгүй, шороо эргэлдсэн хоосон газрыг ганц төсвийн хөрөнгө харж гараа хумхин суулгүй ухаалаг менежмент хэрэгжүүлсний ачаар дотоод, гадаадын ногоон байгууламжийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн оролцоог хангаж тав орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт босгож чаджээ.
Хөрсний судалгаагаар ургамал ургахад хүнд нөхцөлтэй хүрээлэнгийн газарт судалгаанд суурилж зөв төлөвлөх, модыг стандартын дагуу тарих, усжуулалтын системийг бий болгоход юуны түрүүнд анхаарч ажилласан. Үүний зэрэгцээ тэрээр иргэдэд экологийн боловсрол олгох чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулсаар иржээ.
Зорилгодоо хүрэх зам амар байсангүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн 70-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байх жишгийн дагуу ажилласан ба 183 га талбайд ерөнхий төлөвлөгөө хийж батлуулжээ. Улмаар өндөр хөгжилтэй гүрэнд олон байдаг Амралт зугаалгын төв болгохоор 2020 он хүртэл ажиллах төслийг хийсэн ч төсвийн мөнгөнд найдалтгүй байв. Ингээд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн монголд байдаг салбараар нь дамжуулж Солонгостой холбогджээ.
Гэвч бүтсэнгүй. Дахин санхүүжилт хайж Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Хөрсний иж бүрэн судалгаа хийлгэлээ.
Дэлхийн энтэй байгууламж бүтээхийн тулд Япон зэрэг таван орны мэргэжилтнүүдийн оролцоотойгоор техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г боловсрууллаа. Хийх ажил өнөө хэр дуусаагүй ч тус хүрээлэнд Монгол төрийн бүх удирдлага ирж мод тарьсныг тэр бахархан онцолсон юм.
Бие даасан санхүүжилтийн үйл ажиллагаа чухлыг тэр тодотгож энэ чиглэлд ажлуудыг төлөвлөөд байна. Дөрвөн жилийн өмнө шороо бужигнасан хоосон талбай байсан энэ газар өнөөдөр Монголын анхны газрын усан оргилуур, 2.6 км тойрог бүхий дугуйн болон гүйлтийн зам, автоматжуулсан усалгааны систем, 300 авто машины зогсоол, 40 м диаметртэй усан оргилуур, сагсан бөмбөг, агаарын теннис, хөл бөмбөгийн талбай, цанын зам бий болсныг бид мэдэх билээ.
Таван бээлий, таван хүрзээр зэвсэглэсэн 27 хүн Монголын хүн амын тэн хагас нь амарч тухлах орчинг ийнхүү бүтээсэн нь Б.Саранчимэг захирлын удирдах дүй, инженер хүний нарийн тооцоолол холч ухаан, эх орноо гэсэн элгэн сэтгэлийнх нь тод илрэл юм.
АМЬДРАЛ БҮТЭЭХ ЗАМ
Ганцхан ширхэг мод 12 кг нүүрсхүчлийн хийг шингээж, дөрвөн ам бүлтэй өрхийн хүчилтөрөгчийн нэг жилийн хэрэгцээг хангадаг байна.
ҮЦХ дэх 130 мянга гаруй мод бараг хагас сая хүнд эрүүл агаар бэлэглэж байна. Энэ бага үзүүлэлт гэж үү? Энэ хөгжил биш гэж үү?
Б.Саранчимэг захирлыг монголчууд “Эко хатагтай”, “Ногоон хөгжлийг бүтээгч” хэмээн өөр өөрсдийнхөөрөө алдаршуулан нэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин “Forbes Mongolia” сэтгүүл түүнийг “Амьдрал бүтээгч эко хатагтай” хэмээн онцолж байна.
Учир нь бий болгох нэг хэрэг, бүтэн чигээр нь арчлан хамгаалж, хөгжүүлнэ гэдэг асар их ухаан, ур, зүтгэл шаардсан ажил билээ.
Тэрээр нийслэл хотдоо “анхны” гэх тодотголтой олон бүтээн байгуулалтыг хийхийн зэрэгцээ иргэдийн экологийн боловсролд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, зохион байгуулсныг дурдах нь зүйтэй болов уу.
Тухайлбал, иргэдийн оролцоог хангах зорилготой “Итгэлийн төгөл”, хүрээлэн буй орчноо сайжруулах зорилготой “Ногоон хашаа” экологийн судалгааны нэгдсэн бааз суурь байгуулах зорилготой “Эко танхим” сургалт мэдээллийн төв зэрэг төслүүдийг ТББ-уудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Жишээ нь, “Ногоон хашаа” төслийн хүрээнд “Чинаагийн Галсан” сан болон Мика Монгол ТББ-уудтай хамтран Халдварт өвчин судлалын төв, 97-р дунд сургууль, 3-р амаржих, Гандан зэрэг 20 гаруй байгууллагуудад 9000 гаруй модоор ногоон хашаа бүтээжээ.
Харин “Эко танхим”төсөл нь Монгол улсад төдийгүй гадны орнуудад хийгдсэн байгаль экологитой холбоотой судалгааны материалууд, ном товхимлыг төвлөрүүлж энэ чиглэлийг сонирхогч, судлаач, оюутан сурагчид хүссэн үедээ судалгаа хийх боломжийг олгох ажээ.
“Амьдрал бүтээгч” хатагтай маань үндсэн албаныхаа зэрэгцээ маш олон ажлыг чанартай зохион байгуулдаг онцгой чадвартай нэгэн. Тэрээр 2011 онд Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүнээр сонгогдон эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгэмд эзлэх байр суурь болон амьдралын чадвар чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллаж байна.
Мөн 2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин экологийн хороон даргаар ажиллаж иргэдийн экологийн боловсрол, хотын байгаль экологийн асуудлыг ажилдаа тусган ирлээ. Гурван жилийн өмнө байгаль экологийн чиглэлийн “Ногоон ном”-оо зохион хэвлүүлсэн бол 2014 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр, 2015 оноос Байгаль орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамны Сайдын зөвлөхийн албыг хариуцлагатайгаар хашиж явсан нэгэн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвөл зун,хавар намаргүй ажил өрнүүлж, олон арга хэмжээг эхлүүлсэн нэгэн. Арга хэмжээ бүрийг дурдвал сэтгүүлийн нэгэн дугаар үл хүрэлцэх нь тодорхой. Зөвхөн 10-р сард гэхэд л “Мод тарих үндэсний өдөр”, Байгууллага аж ахуйн нэгжүүдийн нэрэмжит төгөл байгуулах, “Өглөөний иогийн дасгал”, “Мод арчилгааны эко сургалт”, “Цэцгийн үзэсгэлэн худалдаа”, “Гар зургийн уралдаан”, “Аавуудын алхаа”, “1000 гэр бүлийн фото зургийн уралдаан”, “Хамтдаа гүйцгээе” хагас марафон,“Номын өдөрлөг”,“Ногоон байгууламжийн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал”, “24 цагийн марафон гүйлт”, “Спортын өдөрлөг”зэрэг ажлууд зохион байгуулагддаг.
Тэнд аав ээжүүд бяцхан үрстэйгээ аз жаргалын үлгэр хүүрнэж, амраг хосууд хайрын цэцэг тарьж, ахмад өтгөс хойч үеэрээ бахдаж,бүтээлч залуус Монгол улсыг огшоодог. Түүний үндэс суурийг өөрийн чадварлаг сэтгэлтэй багийн хамт Б.Саранчимэг хатагтай ижий сэтгэлээр, ажил хэрэгч араншингаар бүтээж, одоо ч ногоон хөгжлийн төлөө үлдсэн амьдралаа зориулахаар хатуу шийдсэн “Амьдрал бүтээдэг”… энгийн нэгэн билээ.