Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол улсад нэн ховордсон буюу ховордож буй ан амьтдыг хууль бусаар агнах байгаль орчны эсрэг гэмт хэрэг ихээр гарах болжээ. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст соргог бөхөн, борцгор хотон, цоохор ирвэс, хүрэн баавгай зэргийг хууль бусаар удаа дараа агнасан гэх 60 гаруй гэмт хэрэг шалгагдаж байна.

Энэ талаар ЭЦГ-ын албаны эх сурвалж мэдээллэхдээ:

 “Сүүлийн үед Монгол улсад нэн ховордсон хотон шувууг хууль бусаар агнах нь ихэссэн.

Хотон шувууны хошуугаар хурдан морины хөлсний хусуур хийх нэрийдлээр агнаж байна. Монгол Улсын Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар борцгор хотон буюу pelicanus crispus гэх шувууг нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулсан, нэн ховор амьтны түүхий эдийг худалдах, худалдан авахыг хуулиар хориглосон байдаг” гэлээ. Түүнчлэн нэн ховордсон амьтдыг хууль бусаар агнасан, барьсан бол Эрүүгийн хуулийн 203-р зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг ажээ.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд фэйсбүүк дэх “Хурдан морь сонирхогчдын групп”-д борцгор хотонгийн хошуугаар хийсэн хусуур худалдана гэх зарлал нийт 22 удаа нийтлэгджээ.

Тус зарын дагуу холбогдож үнэ болон бэлгэдлийн талаар тодруулбал “Дээр үеэсээ л хурдан морь хотон шувууны хошуугаар хөлсөө хусуулж үзэхсэн гэж мөрөөддөг гэж ярилцдаг. Энэ хусуур нь ч тэр бүр хүний гарт ороод байдаг эд биш. Нэг хэсэг Монголын баруун аймгийн уяачид хотон шувууны хошуугаар хусуур хийх нь элбэгшиж байснаас хотон шувууны хошуу, толгойн хэсгээс бүрдсэн энэ хусуурыг уяачид дээдлэн шүтэж, хурдан мориныхоо хөлсийг нь хусаж хурдлуулдаг.

Уралдаандаа бэлдэн уяа сойлгоо тааруулсан ч энэ л хусуураар хусуулсан морь бусдаас илүү цог жавхаатай, хурдтай байдаг гэж морь сонирхогчид ам дамжин ярьсаар ирсэн юм” хэмээв.

Харин үнийн хувьд өнгө үзэмж, хэмжээ, алт мөнгөөр чимэглэсэн эсэхээс хамаарч хоёр сая таван зуун мянгаас 15 сая төгрөгийн үнэд хүрдэг аж.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Увс аймгийн улсын баяр наадмын үеэр хотон шувууны хошуун хусууртай 100 гаруй уяач тоологдсон хэмээн Зэрлэг амьтан хамгаалах төвийн тайланд дурьджээ. Эдгээр хусуур тус бүр нэг шувуу бөгөөд түүнийг эдэлгээ сайтай хэмээн уяачид өв залгамжлан үлдээх нь элбэг байдаг аж.

hoton

-ЭНЭ ЖИЛ ХОТОН ШУВУУ ХОРЬ ХҮРЭХГҮЙ ТООЛОГДЖЭЭ-

Борцгор хотон нь  Монгол орны “Улаан ном”-д орсон нэн ховор шувуу юм. Өнгөрсөн жил Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрынхан хотон шувуу олноор нутагладаг Хар-Ус нуур орчимд тооллого хийхэд 32 борцгор хотон тоологдсон бол энэ жилийн хувьд 20 хүрэхгүй тоологдсон мэдээлэл байна.

1960-1970 оны үед Их нууруудын хотгорын томоохон нууруудад хотон шувуу хэдэн зуугаараа нутаглаж байсан хэмээн Зэрлэг амьтан хамгаалах төвийн захирал, шувуу судлаач Б.Нямбаяр хэлсэн байдаг. Тиймээс Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавьж судлалын лабораторийн албаныхны зүгээс хотон шувууны хууль бус ан агнуурыг илрүүлэх талаар холбогдох байгууллагуудыг анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

Б.ЦОГ

hoton

hoton

hoton

Эх сурвалж: medee.mn