Нэг. Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр-10 сарын 23

Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар жил бүрийн 10 сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан юм.

 Цоохор ирвэс бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан. Ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм.  

Цоохор ирвэсийн гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь цөөрч Ирвэсний амьд явах амьтны эрх нь зөрчигдөж, биологийн нэн ховор төрөл зүйл устах аюул тулгараад байгаа билээ.

Хоёр. Ирвэс судлаач, байгаль хамгаалагч, Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэгч, биологич агсан Т.Лхагвасүмбэрэлийг нэхэн дурсахуй

Монголын цоохор ирвэсийн  гол цөм нь Тост, Тосон Бумбын нуруу бөгөөд дэлхийд нэн ховордсон, Монголын улаан номонд бүртгэгдсэн биологийн нэн ховор зүйл юм.

Ирвэс судлаач, байгаль хамгаалагч, Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэгч, биологич агсан Т.Лхагвасүмбэрэл нь Тост, тосон бумбын нурууг ухахаар зэхэж лиценз авсан уул уурхайн компаниудтай “Цоохор ирвэс”-ийн хойшдын ирээдүйг аварч хамгаалахаар зоригтой тэмцдэг байсан. Т.Лхагвасүмбэрэл амьд ахуйдаа Говь-Алтайн салбар нуруудын нэг Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын өрөм тавиулахгүй хэмээн тэмцдэг байсан ба үүнээс шалтгаалж үл таних хүмүүсийн зүгээс удаа дараа амь насанд нь заналхийлсэн хүчирхийлэлд өртөж байсан ба сүүлчийн агшинд хүчинд автан хорвоогийн мөнх бусыг үзсэн байдаг.

 Түүний үхлийн шалтгаан одоо ч тайлагдаагүй…

Т.Лхагвасүмбэрэл агсан ердөө 27-хон насандаа өөд болсон нь нийтийн эрх ашгийн төлөө тэмцэгчид, байгаль хамгаалагчид тэр дундаа цасны ирвэсийг хамгаалан, судалдаг үндэсний болон олон улсын мэргэжил нэгтнүүдэд нь хүнд цохилт болсон юм.

Т.Лхагвасүмбэрэл нь 1988 оны 04 дүгээр сарын 06-нд Архангай аймгийн Ихтамир суманд Ж.Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны бага сургуульд элсэн орж, улмаар 2006 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангийг 2010 онд Амьтан судлаач мэргэжлээр төгсжээ. 2010 оноос Ирвэс хамгаалах санд ажиллаж, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэж байлаа. Ажиллаж байх хугацаандаа МУИС-ийн магистрантурт элсэн суралцаж, цоохор ирвэсний үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа давхар ажиглагчийн аргаар амжилттай судалсан үр дүнгээ мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, нутгийн иргэдэд байгаль орчны боловсрол олгох чиглэлд ихээхэн анхаарч, малчид-ирвэсний хоорондын зөрчлийг бууруулах зэрэг олон ажлыг олон улсын байгаль хамгаалагчидын санхүүжилтээр эхлүүлэн ажиллаж байв.

Талийгаачийн ажилч хичээнгүй чанар, хүнлэг энэрэнгүй, даруу төлөв зан, аливааг сурч мэдэх эрмэлзэл бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно гээд л бид мартах ёстой гэж үү…

Гурав. Монгол Улсад нийтийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин хэзээ бүрдэх вэ?

МУ-д хүний эрх, нийтийн эрх ашгийг хамгаалагчдыг хамгаалах,  эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Хүний эрхийг хамгаалагчдыг айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, дайрч довтлох, гүтгэх, хуурамч хэрэг үүсгэх, хорьж цагдах, ял шийтгэл оногдуулах, тэр ч бүү  хэл амь насыг нь хохироох болсон.

Байгалийн нөөцийн зүй бус ашиглалт, ард түмэнд ашиггүй гэрээ хэлэлцээр, хулгайн ан, хөрс, агаар, усны бохирдол, гэх мэтээр төрөл бүрийн зөрчил дутагдал гарсаар байна.

Монголын сайхан орны үнэ цэнэтэй газрууд, ховор, нэн ховор биологийн төрөл зүйл гадаад, дотоодын сувдаг шуналтнуудын зорилгыг хангах хүйтэн сэтгэлтнүүдийн гарт  сүйтгэгдсээр байгаль орчны эсрэг гэмт хэргүүд шийдэгдэхгүй үлдэн хоцорч, улам бүр нийгмийн хор аюул нь нэмэгдсээр байна.

Үүний сөрөг үр дагаварт Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх болсон.

Төр засаг, шийдвэр гаргагчид энэ талаар анхаарч арга хэмжээ авахын оронд алт, мөнгө, ашиг орлогыг чухалчлан шүтсэн хэрэгцээнд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлсээр өдий хүрсэн.

Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө тэмцдэг, нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болдог, олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээдэг, тодорхой хэмжээнд таслан зогсоодог, илрүүлдэг хүмүүс нь иргэний нийгмийн байгууллага, иргэд, хүний эрхийн хамгаалагчид, байгаль хамгаалагчид л байдаг.

Эрх мэдэл, мөнгө хөрөнгөгүй ч байгаль дэлхийгээ хоёргүй  сэтгэлээр дээдэлсэн иргэний нийгмийнхэн сүүлийн үеийн цахимжсан, техникжсэн, зохион байгуулалттай, хамгаалалттай, тодорхой зорилго бүхий улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эсрэг аргагүй хүчин мөхөсдөж байгаа учраас төр, засгаас нийтийн эрх ашгийг хамгаалах хуль эрх зүйн тогтолцоог нэн даруй бүрдүүлж, иргэнээ, эх орноо хамгаалах шаардлагатай байна. 

Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үүрэгтэй УИХ, ЗГ үндсэн үүргээ биелүүлэхгүй, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй ирсэний тод жишээ бол байгаль хамгаалагч, биологич Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн амь нас  золиослогдсон явдал юм.

Олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалагч гэдэг бол өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хохирлыг арилгуулахын төлөө ажилладаг  хүмүүсийг ойлгодог.

УИХ,  ЗГ-ын бодлого,  үйл ажиллагаа нь хүний эрхэд суурилаагүй, харин ч хүний эрх, эрх чөлөөний зөрчилд хүргэх, улмаар ардчиллын хөгжилд ухралт хийх эрсдэл дагуулж  байгааг олон нийт ярьсаар сануулсаар ирсэн.

Монголчууд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-д итгэл хүлээлгэн олонхи болгохдоо, Монголын нийтийн эрх ашгийн төлөө ажиллана, хөгжлийн зөв бодлого төлөвлөж хэрэгжүүлнэ, чадна гэдэгт итгэснийх. 

Дахин нийтийн эрх ашгийн төлөө тэмцэгчидийн эрх ашиг амь нас хохирохгүй гэдэгт итгэж байна.

Ард түмэн харж, хянаж хүлээж байна.

Судлаач Б.Эрдэнэ