Тэрээр Их нартын БНГ-ын амьтныг судлах, хамгаалахад Денверийн Зоологийн сантай 20 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа аж.

Доктор Амгаланбаатар нь аргаль хонины судалгааг үндэсний хэмжээнд хийж ирсэн бөгөөд Денверийн Зоологийн сантай хамтран говийн аргаль хонинд дохиологч зүүж судалж эхэлсэн нь тухайн зүйлийн хувьд дэлхийд анхны ажил болжээ. Одоо тэрээр 200 гаруй аргаль хонь, 50 гаруй янгир ямаанд радио телеметр, GPS болон сансрын дохиологч зүүж судалгааныхаа ажлыг үргэлжлүүлж байна.

С.Амгаланбаатар болон түүний багийнхан Их нартын БНГ-ын хамгаалалтын менежментийн гэрээгээр хариуцан хэрэгжүүлж байгаа нь Төрийн бус байгууллага төрийн чиг үүргийг тусгай хамгаалалттай газрын сүлжээнд амжилттай хэрэгжүүлж болохыг харуулсан сайхан жишээ болж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нь БОАЖЯ, Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ болон Денверийн Зоологийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр бодитой дэмжлэг үзүүлж буй нь амжилттай ажиллахын үндэс болж байна гэж тэрээр үздэг аж.

Денверийн Зоологийн сан 1997 оноос эхлэн 10-аас илүү жил зэрлэг амьтныг хамгаалах, судлах ажилд үр бүтээл гаргасан хүнийг сонгон, жилд нэг хүнд энэхүү хүндтэй шагналаа олгодог ба 2016 оны шагналыг дээрх амжилтуудыг нь үнэлэн С.Амгаланбаатарт олгосон байна.

Энэхүү шагналыг өмнө нь биологчид, улс төрийн шинжээчид, амьтны эрх хамгаалагчид авч байжээ.

Денверийн Зоологийн сангийн ажилтнуудын хамт