Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төв нээгдлээ
Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулжээ. Тус төвийн нээлт өнөөдөр албан ёсоор боллоо.
Хөгжлийн төвийн дэргэд Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах “Мэдээллийн технологийн төв”, “Бизнес инкубатор төв”, “Сайн дурын төв”, залуучуудын “Сонирхолыг дэмжих төв” (Хобби клуб), чөлөөт цагаараа хуран цуглах боломжтой, тав тухтай орчин бүрдүүлсэн амралтын танхим зэрэг олон талын үйл ажиллагаа явуулах аж.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ
Залуучуудын Хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх мэдээллийн технологийн сургалтын төв нь БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“МКIТ”)сургалтын төвтэй хамтран нээгдэж буй аж.
Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Өнөөдөр энэхүү төв нээгдсэнээр мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Ингэснээрээ залуучуудын өрсөлдөх чадвар сайжирна, мөн залуучуудын мэдлэг боловсролд болон мэдээллийн технологид хөдөлмөр эрхлэхэд гарч байгаа бэрхшээлүүд дээр урьдчилсан байдлаар инкубатор төвөөр дамжуулаад туршлагажих боломжтой юм” гэлээ.
Мэдээллийн технологийн сургалтын төв нь Нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна JAVA хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем администратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм байна.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг mkit.mn хуудсаар авах боломжтой.
БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ
“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд залуучуудыг бизнесээ эхлүүлэх бүхий л боломжоор ханган дэмжих зорилготой “Бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулж, тэднийг бизнес эрхлэх бодит бололцоогоор хангах орчин бүрдүүлжээ. Энэ төвд дунджаар нэг хүн 2-3 цаг ажиллахад ажлын найман цагаар тооцон үзвэл бид 36 аж ахуйн нэгж, уртасгасан цагаар тооцоход 50 орчим аж ахуйн нэгжийг бүртгэж, дэмжих бололцоотой юм байна.
“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн хаягаар байгууллагаа улсын бүртгэлд бүртгүүлэх, оффисоор хангагдах, компьютерийг үнэ төлбөргүй ашиглах бүрэн боломжтой гэнэ. Ikon.mn