“Тайшир-Гуулин УЦС”ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Амартүвшинтэй ярилцлаа. 

2010 оныг хүртэл аймаг сумын төвүүд цахилгааны хязгаарлалттай, шинэ зуунд лаатай бүдчин явсан гэдэг. Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон УЦС-ыг барьж  байгуулсан нь аймгийн түүхэнд төдийгүй Монголын эрчим хүчний салбарын түүхэнд хөгжил дэвшлийн шинэ ололт болж  2 аймгийг цахилгаанаар хангаж буй.  Бүтээн байгуулалтын суурийг тавьж эхэлсэн цаг үеийг эргэн дурсахад таатай байх болов уу?

П.Жасрай гуайн Засгийн газрын үед Говь-Алтай аймгийг хөгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолд нэр заагдан орсон том бүтээн байгуулалтын нэг нь Тайширын УЦС. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх санаачилгыг тухайн үеийн аймгийн удирдлагууд Б.Дорждагва, Н.Жанчивдорж, ЭХҮ-ийн дарга Г.Хишигхүү нар сэтгэл гарган хөөцөлдөж, Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 оны 01 дүгээр  сард УЦС-ын шавыг тавьсан. Тайшир УЦС-ын төсөл хэрэгжүүлэх нэгж доктор Н.Очиржав, Т.Ганболд, барилгын инженер Ж. Лувсандандар Л.Оюунсүрэн, Г.Будхүү нар эхнээс нь одоог хүртэл сэтгэл гарган хамтран ажилладаг. 2004-2007 онд барилгын ажил хийгдэж, 2008 оны 08 дугаар  сарын 08-ны өдөр анх цахилгаан үйлдвэрлэн Тайшир сумын төвийг хангаж эхэлсэн түүхтэй. Тухайн үед гэр хороолол, сумын төвийн хэрэглэгчид 2007-2010 онд 2 аймгийн төв,  29 сумын төвийг 1100 км цахилгаан дамжуулах шугамаар холбон 24 цагийн цахилгаантай болгож чадсан түүхэн амжилтаараа үе үеийн инженерүүд бид бахархаж байдаг.

УЦС байгуулснаас хойш голын гольдрол өөрчлөгдсөн, урсацын хэмжээ буурсан гэх мэт мэдээлллүүд нэлээд байдаг л даа. Энэ тал дээр ямар тоо баримтууд байна?

2008, 2009 онд Монгол Улсад их гантай жил болж өнгөрсөн. Тухайн үед БОАЖЯ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн баг бүрэлдэхүүн манай дээр энэ асуудлаар их ирсэн. Эрээн нуур, Завхан голын ус татарлаа гэх мэт асуудал нэлээд яригдсан. Тухайн үед улсын хэмжээнд 400 гаруй гол горхи ширгэсэн байдаг.

Үүний дараа 2009, 2010 оноос гангүй, хур тунадас ихтэй жилүүд үргэлжилсэн. Харин энэ үед Тайширын УЦС хэвийн үйл ажиллагаанд орж, том усан сан, нууртай болсноор Завхан гол “удирдлага”-тай болсон. Үер гамшиг болж байсан ч саваа эвдэж, зэрлэг үер буухгүй гэсэн үг л дээ. Ган гачиг болж байсан ч гэсэн усны усргалыг чөлөөлж 9.7 м.куб/сек урсгалыг тасалдуулахгүй барих боломжтой.

2010, 2011 онд 240-260 сая шоо.м усаар гол тэжээгдсэн байдаг. Өнгөрсөн жил буюу 2016 онд 800 сая шоо.м ус урссан. УЦС баригдаад том нуур үүссэнээр Завхан голын үндсэн физик, химийн шинж чанарт аливаа нэг өөрчлөлт ороогүй.

Усан цахилгаан станц ашиглалтанд орсноос хойш хүрээлэн буй орчны экологит ямар эерэг нөлөө үзүүлэв?

Говь-Алтай аймагт хамгийн том нь 18-20 км.кв толиотой Эхэс нуур гэж байсан бол одоо 50 км.кв толиотой энэ нуур бүрдсэн нь хэмжээгээрээ Архангай аймагт байдаг Тэрхийн цагаан нууртай ижил. Тайширын уцсан цахилгаан станцын усан сан буюу энэ нуур бүрдсэнээрээ орчны байгаль экологит маш эерэг нөлөө үзүүлсэн.

Хур тунадас их ордог болсон. Нуурыг дагаад ан амьтан амьдрах экологийн таатай нөхцөл бий болсон. Үер усны аюул байхгүй болсон, усалгааны систем орчны чийгшил нэмэгдсэн гээд дурдаад байвал олон таатай өөрчлөлтүүд бий.

ШУА-иас хийж байгаа судалгаагаар нууранд загас үржих хамгийн аятай таатай нөхцөл бүрдсэн байгаа. Хоёр төрлийн загас байгаагаас монгол хадран загас энэ нууранд нэлээд үржиж байгаа. Монгол хадран гэдэг загас нь цэвэр усны индикатор хэмээн нэрлэгддэгийг манай байгаль орчныхон хэлдэг. Хаана цэвэр цэнгэг ус байна тэнд энэхүү загас хамгийн ихээр үрждэг.

2012 оноос эхлээд НҮБ-ын цэвэр хөгжлийн механизм гэж төсөл байдаг. Энэ төслийн хүрээнд  БНСУ-ын Кенко компани Тайширын УЦС-д хяналтын ажил явуулсан. Үнэхээр цэвэр эко системээр эрчим хүч үйлдвэрлэж чадаж байна уу гэдгийг судалсан. Ингээд дэлхий нийтийн байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулах Киотогийн протоколын үүргээ амжилттай биелүүлж байна хэмээн дүгнэж бидэнд 115 сая төгрөгийн урамшуулал хүртэл олгосон.

Загас дамжин өнгөрүүлэх асуудлыг яаж шийдэж байна. Тайширын УЦС—аас дээш урсгалд загас байдаг хэрнээ доош урсгалд загас бага гэж нутгийнхан ярьдаг?

Анхнаасаа энд ажилласан загасны мэргэжилтнүүд энэ талаар судалгаа хийсэн байдаг. Далангаас доошхи загас бол эндээс буцаад Хөх нуур, Найман нуур руу очиж өвөлждөг, үрждэг юм билээ. Дээших загаснууд нь Богдын гол, чигэстэйн гол руу өгсөж яваад тэндээ үрждэг гэсэн судалгаа бий.

Үнэхээр загас өнгөрүүлэх суваг бол нэг том асуудал мөн. Дөргөний УЦС-д баригдсан байдаг бол манай станцад баригдаагүй.

Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орсноосоо хойш бүс нутгийн эдийн засагт оруулсан хувь нэмэр нэлээд өндөр гэж сонссон?

Өмнө нь дизель станц нэг кВт.цаг эрчим хүчийг 650 төгрөгөөр үйлдвэрлэдэг байсан. Ийм өндөр өртөгтэй ажиллуулаад Завхан, Говь-Алтай аймгуудад жилдээ 12 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу татаас өгдөг байсан. 650 төгрөгөөр үйлдвэрлээд 100 төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлэхийн тулд зөрүү мөнгийг төр өөрөө даадаг байсан юм л даа. Үүгээр ч зогсохгүй Хөдөө сумдуудад 19-21 цаг хүртэл хоёр цаг гэрэл асдаг ийм хязгаарлалттай байсан.

Тайширын усан цахилгаан станц 2010 оноос эхлэн Завхан, Говь-Алтай аймгийн төв, 29 сумыг байнгын цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн. Манай усан цахилгаан станц өмнөө тавьсан гол зорилгоо биелүүлж чадсан гэж үздэг. Одоо 34 төгрөг 72 мөнгөөр эрчим хүчээ нийлүүлж байгаа.

Ингэснээр хоёр аймагт олгож байсан 12 тэрбум төгрөгийн татаас 2 тэрбум төгрөг болж буурсан. Жилдээ 10 тэрбум төгрөгийг хэмнэж өгч чадаж байгаа гэсэн үг.

Тайширын УЦС ашиглалтад орсноосоо хойш 115 сая орчим кВТ.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн. 1 кВт эрчим хүчинд 500 төгрөгийн татаас олгодог байсан гэж үзвэл Улсын төсөвт 60 орчим тэрбум төгрөгийг хөнгөлж өгч чаджээ. Зөвхөн эдийн засгийн нүдээр харахад л усан цахилгаан станц ямар их үр нөлөөтэй болохыг үүнээс харж болно.

Цаашдаа хөдөө орон нутгийн эрчим хүчний системийг энэ мэтээр хангах нь илүү үр ашигтай мэт санагдаж байна?

Говь-Алтай, Завхан аймаг гэлтгүй баруун аймгуудын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд усан цахилгаан станцуудыг байгуулж, түүнээс гадна бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчүүдийг ашиглаж чадвал эдийн засгийн үр өгөөж өндөр, байгаль орчинд ээлтэй байдлаар тогтвортой найдвартай эрчим хүчээр хангаж болох юм гэж хардаг.

Ярилцсанд баярлалаа. 

Б.Бат-Эрдэнэ