Эрчим хүчний хэрэглээ эх үүсвэр нь хүн төрөлхтөний хөгжил, хотжилт, үйлдвэржилт, соёлын түвшинг тодорхойлсоор ирсэн. Балар эртний хүн дүрст мичүүд галыг ашиглаж эхэлсэн цагаас эхлэн эрчим хүч энергийн  эх үүсвэрийн нэр төрөл олширсоор өдгөө нүүрс, нефть, байгалийн шатдаг хий, уран гэхчлэн олон байгалийн элементээс эрчим хүч гарган ашиглах болсон. Гэвч хүн төрөлхтөний хязгааргүй хэрэгцээг хангах хязгаарлагдмал эрчим хүчний эх үүсвэрийн асуудал сүүлийн хагас зуун жилд онц ноцтойгоор яригдаж, улс орнууд эрчим хүчний төлөө тэмцэлдэж байна!

Дэлхийн эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг бүрдүүлж буй нүүрс 100 хүрэхгүй жилийн дотор дуусах бол нефтийн нөөц 30 орчим жилийн дараа шавхагдана. Тэглээ ч нүүрс, нефьт гэхчлэн түлшнээс эрчим хүч гарган авах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хог хаягдал ихтэй гэдгийг Монголчууд бид агаарын бохирдол гэх ганцхан асуудлаас л хангалттай ойлгож буй.

Монгол Улсын хувьд сүүлийн дөрвөн жилд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 30 хувиар, эрчим хүч хэрэглэгчдийн тоо 26-54 хувиар нэмэгдсэн байна. 2016 оны байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэмжээ 1060 мвт-д хүрсэн ба түүний 95 хувь нь дулааны цахилгаан буюу нүүрснээс гарган авч байгаа нь дэлхийн хөгжлөөс хоёр алхам хойно яваа үзүүлэлт!

Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөвлөлтөөр 2030 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 5000 мВт болж нэмэгдэнэ. Харин тэр үед бид нүүрсээ түлж, агаараа бохирдуулж, нүүрсний үнсээ агаарт хийсгэн амьсгалсаар байх уу?

Хязгааргүй нөөц буюу сэргээгдэх эрчим хүч

Нар, салхи, уснаас гарган авах сэргээгдэх эрчим хүч нь хязгааргүй нөөцтэйгөөс гадна хог хаягдалгүй, хүн төрөлхтөний өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг байгаль орчинд ээлтэйгээр хангах хамгийн том нөөц бололцоо гэдгийг дэлхий нэгэнтээ хүлээн зөвшөөрөөд буй.

Сүүлийн гурван жилийн байдлаар дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Харин Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт ердөө тавхан хувь!

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20-25 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэхээр заасан.

Өдгөө Монголд Салхитын салхин цахилгаан станц, Дарханы 10 МВт нарны цахилгаан станцаас гадна хэд хэдэн усан цахилгаан станц үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс Монгол Улсын хувьд хангалтгүй хэмжээнд ашиглаж буй нэгэн нөөц нь Ус юм.

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний дийлэнхийг уснаас гарган авдаг. Тодруулбал, 2015 онд 150 гаруй улсад усан цахилгаан станцуудыг ажиллуулж, дэлхийн нийт эрчим хүчний 16.6 хувийг ханган нийлүүлжээ. Усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийг авч үзвэл БНХАУ, Бразил, Венесуэл, Канад зэрэг орныг нэрлэж болох юм. Түүнчлэн, Норвеги. Австри. Шинэ Зеланд, Бразил. Гондурас. Балба зэрэг орнууд үйлдвэрлэж буй цахилгааныхаа 80-95 хувийг УЦС-аас гарган авч байна.

Монголоос урсан одож буй Боломж

                                                                                                Тайширын УЦС, Зургийг Н.Энхбат

Монгол Улсын хувьд усны нөөц болон хэрэглээний хувьд онцлог талтай. Говийн бүст усны нөөц хомс, чанар муу бол хангайн бүсийн урсгал усны 60 орчим хувь нь Монголоос урсан одсоор байдаг! Тиймээс усан сан байгуулах, усны нөөцийн тодорхой хувийг олон улсын гэрээ конвенцийн хүрээнд эргүүлэн татах, урсан одож буй уснаас эрчим хүч гарган авах асуудал хурцаар тавигдаж байна.

Түүнчлэн, орон нутагт уул уурхайн олборлолт, үйлдвэржилтийн хэмжээ өсөн нэмэгдэхийн хэрээр хойд хөршөөс өндөр үнээр худалдан авч буй цахилгаан эрчим хүчний импортын хэмжээ жилээс жилд өссөөр байна! Тухайлбал, 2016 оны байдлаар Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 20 хувийг буюу 385.4 сая.кВт.цаг эрчим хүчийг ОХУ-аас импортоор хангасан байдаг. Үүнээс үзвэл үйлдвэржилт, уул уурхайн хөгжлийг дагаад тэдгээрийг хангах эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд гадагшаа урсаж буй усны нөөцөө ашиглах нь амин чухал асуудал болоод байгааг судлаачид хэлж буй.

Монгол Улсын гадаргын усны нөөцийн 20 хувь, гол мөрний усны 60 хувь нь хойд хөрш рүү урсан гарсаар байна…

Түүнчлэн, ДЭМБ, НҮБ хамтран 2013 оны нэгдүгээр сарын 25-нд гаргасан дүгнэлтээр Монгол оронд хамгийн их хэрэгтэй зүйл бол усан цахилгаан станц хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин монголчууд бид УЦС байгуулж, голын урсгалыг түр хугацаанд хаах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн үзэж харанхуйгаар тэмцэж, бүтээн байгуулалтын ажлыг хааж ирсэн байдаг. Хэдий УЦС байгуулахад усан сан байгуулах үед голын урсгалыг түр хугацаанд хаадаг ч нэгэнтээ усан сан хангалттай хэмжээнд хүрч хиймэл нуур үүссэний дараа хүрээлэн буй орчны экологи богино хугацаанд сайжирч, чийгшил, хур тунадсын хэмжээ нэмэгдэж байгааг нутгийн иргэд ам сайтай өгүүлдэг юм билээ. Нөгөөтэйгүүр усан цахилгаан станцын усан санг дагалдуулан усны байгууламж, усалгааны систем байгуулах, загас үржүүлгийн ажил хийх зэрэг олон боломж байдгийг ч дурдъя.

                                                                                                                                               Дөргөний УЦС, Ховд аймгийн Дөргөн сум

Монгол Улс 2016 оны байдлаар:

Гадаргын усны нөөц 21093.4 сая куб.метр

ОХУ руу урсаж гарсан усны нийт хэмжээ: 4648.544 сая куб метр.

Үүнээс үзвэл Монгол Улсын гадаргын усны нөөцийн 20 хувь, гол мөрний усны 60 хувь нь хойд хөрш рүү урсан гарсаар байна!

Манай Улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдаг бөгөөд тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7МВт буюу жилдээ 56.2 тэрбум кВт цаг цахилгаан гаргах нөөцтэй гэж үнэлэгдсэн байдаг. Гэвч бид усны нийт эрчим хүчний нөөцийнхөө 0.15 хувийг л эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

Одоогоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж орон нутгийн эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг бүрдүүлж буй усан цахилгаан станцуудыг хүчин чадлаар жагсааж үзвэл:

– Дөргөн УЦС

– Тайшир УЦС

– Тосонцэнгэл УЦС

– Гуулин, Хүнгүй, Галуутайн зэрэг усан цахилгаан станцуудыг нэрлэж болно. Эдгээрээс томоохон хоёр усан цахилгаан станцын тоон мэдээллийн талаар товч танилцуулбал:

Дөргөний УЦС Тайшир УЦС
Эхэлсэн, ашиглалтад оруулсан огноо 2004.06.08-2008.09.30 2004.10.10-2008.11.30
Суурилагдсан хүчин чадал 12 МВт 11 МВт
Жилд үйлдвэрлэх эрчим хүч 38.0 сая  кВт.ц 37.0 сая  кВт.ц
Нийт хөрөнгө оруулалт 26.9 сая ам.доллар 38.9 сая ам.доллар
УЦС байгуулсан голын дундаж урсац Завхан гол 9.7 м.куб/сек Чоно харайхын гол 33.4 м.куб/сек
Боомтын өндөр, урт 17.5 м, 231 м 58м,  197м
Усан сангийн мандлын талбай 8.4 км.кв 52.5 км.кв
Усан сангийн эзэлхүүн 170 сая м.куб 1020 сая м.куб
Байгаль орчинд үзүүлсэн нөлөөлөл НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн конвенци, Киотогийн протоколын өмнө хүлэмжийн хийг бууруулах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх, дүгнүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлж, орчны цаг уур, эко системд эерэг үр дүн үзүүлсэн. Эрээн нуурын усны төвшин нэмэгдэж, нуурыг тойрсон эко систем  сэргэсэн,

Усан боомт байгуулснаар Жаргалын, тайшир сумын иргэд үерийн аюул байхгүй болсон.

Бүс нутгийн эдийн засагт үзүүлсэн үзүүлэлт Баруун бүсийн эрчим хүчний хангамж 100 хувь ОХУ-аас хамааралтай байсан бол УЦС ашиглалтад орсноор 25-30 хувийг Дөргөний УЦС-аас хангаж эхлэв. Импортын өндөр үнэтэй эрчим хүчний хэрэглээ тэр хэрээр буурсан. Говь-Алтай, Завхан сумдуудын цахилгаан хязгаарлалтыг үгүй болгож, аймгуудад ажиллаж байсан дизель цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэмжээг бууруулсан.

Тус аймгуудын дизель станцуудад төрөөс олгож байсан татаас үгүй болсон.

Хоёр УЦС баригдахад л эрчим хүчнийхээ 40 хувийг хангах боломжтой!

Өдгөө Монголчууд дээрх усан цахилгаан станцуудаас хүчин чадал, барилга байгууламжийн хэмжээний хувьд хавьгүй том хоёр усан цахилгаан станц байгуулахаар ярьж буй нь Эгийн голын, Шүрэн голын Усан цахилгаан станцууд юм.

Эгийн голын Усан цахилгаан станц 220 мВт суурилагдсан хүчин чадалтай байхаар тооцож байгаа бол Шүрэнгийн Усан цахилгаан станц 245 мВт хэмээн тооцогдож буй.

Байгуулахаар төлөвлөж буй томоохон хоёр УЦС-аас Эгийн голын УЦС-ын талаар монголчууд сүүлийн хэдэн жил маргалдаж мэтгэлцэж, нэлээд мэдээлэлтэй болсон тул энэ удаад Шүрэнгийн голын УЦС-ын талаар товч мэдээлэл хүргэе.

Шүрэнгийн голын УЦС нь эко буюу сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, ОХУ-аас эрчим хүчний системийн хамааралтай байгаа байдлыг багасгаж эрчим хүчний бие даасан байдлыг хямд өртөгтөй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр орлуулахад чиглэж байгаа аж.

Шүрэнгийн усан цахилгаан станцыг Байгаль нуурын усны эх сурвалжийн 50 хувийг хангадаг Сэлэнгийн гол дээр барихаар төлөвлөж байна. Сэлэнгэ голын ай савын ихэнх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаардаг. Голын нийт урт нь 992 км бөгөөд түүний сав газар 447.000 км.кв талбайг хамардаг.

УЦС нь 96 метр өндөр, 1230 метр урт далантай, 3,800 сая м3 эзлэхүүн 203 км.кв талбай бүхий усан сантай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 245 мВт  суурилагдсан хүчин чадалтай, жилд 962 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх үзүүлэлттэй байгаа нь Тайшир болон Дөргөний УЦС-ыг нийлүүлснээс 10 дахин өндөр үзүүлэлт юм!

Хэрэв эдгээр хоёр УЦС ашиглалтад орвол Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг бид хямд өртөгтэй, сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой болно гэсэн үг!   Б.Бат-Эрдэнэ