Аялалаас үлдсэн хог хаягдал

0
1861

Монголчууд бид манай улсын хоймор нутгийн чимэг Хөвсгөл нуураараа бахархдаг.  Усны тунгалаг, уулсын сүрлэг цогцолсон нутагтаа бид аялан очиж эх нутгийнхаа сайхныг, их усны нь давалгааг үзэх хувиа ашиглаж байгаа. Миний бие энэ сайхан нутагт  сүүлийн хоёр зун ажилласан. Анх очсон 2015  оны зун их хөл хөдөлгөөнтэй үе таарсан. Ойн захаар өмхий үнэртэж, багагүй хог харагдаж байсан. Хүний хөл татарсан наймдугаар сарын сүүлээр ажилладаг амралтын газартаа манаач үлдээгээд явахын өмнө хогоо хаях болсон юм. Хатгалын төвөөс урагш Харгана гэсэн уулын бэлд байх хашаалсан хогон дунд хогоо асгаад л яваад өгсөн.  Дараа жил нь энэ нутагт дахин ажиллахаар ирэхэд, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын надад  агаар усны сайхан нь үнэхээр их дутагдсан бололтой хамар онгойж, сэтгэл сэргээд  л сайхан байсан.

Нэг өдөр завандаа нуурын эргээр алхаж яваад хог хаядаг нүх байхтай таарлаа. Энэ нүхээ дүүрээд ирэхээр нь булаад л орхих байх даа гэж бодогдсон. Хогийг хаа таарсан хонхорт булаад байж болохгүй, нийслэл хотын муу муухайг энэ сайхан нутагт давтах ёсгүй гэж хэлмээр байлаа. Гэвч хэнд яаж ойлгуулахаа мэдэхгүй байсан болохоор зургийг нь дараад л явсан. 2016.06.23.

Амралтын бааздаа ажиллах явцдаа анзаарсан зүйл гэвэл хүмүүс бид гэр бүл найз нөхдөөрөө нийлээд байгалийн сайханд зугаатай дурсамж, аз жаргалтай мөчүүдээр дүүрэн өдөр хоногуудыг өнгөрөөхийг л хүсч ирдэг.  Тэр аз жаргал, сайхан дурсамж маань юу хүссэнээ хүссэн хэмжээгээрээ идэж уух, хайртай гэсэн хүмүүстээ ч гэсэн юу дуртайг нь идүүлж, уулгах болсон юм  шиг. Манайхан амарч бол чадаж байна, гэм нь байгалиа ядраах тал байна, машиндаа хог авч явахгүй гэсэн хандлагаар энд тэнд хогоо орхиж байгаа нь байгалиа хэрэглээд машинаа хайрлаж байна уу даа гэмээр.  

Асуудлын гол нь бидний хэрэглээ их хэрнээ үр дүн нь байгальд халтай байгаад юм.  Энэ бүхэн хогийн цэгт буюу үнэндээ бол хүнээс зайдуу, нүднээс далд газарт их хэмжээгээрээ хуримтлагдан цаг нь болбол шороонд  булагдан задрах хугацаагаа ханатал хэдэн зуун жилээр хөрс хордуулсаар байж л байх юм байна гэдгийг Харгана уулын хогийн цэгт хоёр дах удаагаа очоод ойлголоо.  Учир нь нэг жилийн хооронд хашаанаасаа халин гарсан их хог угтсан.

Энэ их хаягдлын ихэнх нь дахин хэрэглэгдэх боломжтой зүйлс байна гэдгийг “ Хог хаягдлыг ангилан ялгаж хаях тухай журам”-д зааснаас уншиж үзэхэд минь харагдлаа. Жишээ нь, архины шил, ундааны сав хоёрыг цэвэрлээд  дахин хэрэглэх, эсхүл хайлуулаад өөр бүтээгдэхүүн болгоно.  Харин зөнд нь орхивол хуванцар сав бүрэн задрах хугацаа 450 жил, шил 1-2 сая жил байдаг гэж МУИС-ийн Экологийн боловсролын төвийн мэдээнд байна.

Хөвсгөл нуурын эргэн тойронд амрагчдын хаяж явсан хогийг цэвэрлэх, байгалийн тогтоцыг хадгалах зорилгод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “Эколип” сангийн Монгол дах төлөөлөгч С. Шүрэнгэрэл Khuvsgulnews.mn-д өгсөн ярилцлагаас үвэл тус сангийн тухайн зуны цэвэрлэж тээвэрлэсэн  хаягдлын хэмжээ есдүгээр сарын 1-ний байдлаар 880 тн болсон байна. Харин Хатгал тосгоны статистик мэдээгээр 2015 онд 70.000 орчим аялагчид ирж, 1000 тн орчим хаягдал хогийн цэгт хүрсэн байна. Олон жилийн дундаж  зуны улиралд  50.000 орчим аялагч, хогийн цэгт 600 тн орчим хаягдал нэмэгддэг аж.

Гэрэл зурагт би өөрийн ажилласан амралтын газрынхаа хогийн савнаас ангилан ялгалт хийсэн байдлаа харуулж байна. Амрагчдын хэрэглээний хаягдлын дийлэнх нь нэг удаагийн хэрэглээний зүйлс, шил, хуванцар болж байгааг амралтуудын хогийн сав,  хогийн цэгээс ажиглалаа. Бас хэрэглээнээс маань үүсч байгаа хаягдалд хүнсний үлдэгдэл хэмжээ багагүй байгаагийн хоруу чанар нь хүлэмжийн хий, метан болдог байна.

Эдгээр нь бидэнд ил тодорхой биш ч, өмхий үнэр, өвчний халдвар тээгч хорхой шавьж,  хөрсний бохирдол нүдэнд ил билээ. Бид нийтээрээ дахин ашиглах боломжит зүйлсийг ангилан ялгах хэдхэн саванд төрөл төрлөөр нь хийж хэвшье, 1. Дахивар, 2.  Хүнсний, 3. Энгийн гээд сав бэлдмээр санагдах юм. Бусад улс бол ондоо гэдгийг та дурын улсынхаа хог хаягдлын бодлого системийг сонирхоод мэдээрэй.  

Би завандаа аймгийн төв Мөрөн хотод  очиж, шил, хуванцар сав худалдаж авдаг цэг хайгаад олоогүй. Өмнөх жил анхны цэг байгуулагдаад туршилтын хугацаандаа ажиллаад зогссон байж. Дахивар түүхий эдийг нийлүүлэх үйлдвэрээсээ хол байсан нь зардлаа нөхөхөд хүндрэлтэй байсан болов уу. Аялал, жуулчлалыг даган үүсч байгаа, газар булж болохгүй ашиглах гэхээр боловсруулах үйлдвэр дутаад байгаа хаягдлын асуудлыг хамтдаа шийдвэрлэцгээе, үгүй бол хэдэн жилийн дараа хүндэрсэн нөхцөлд гарах зардал бүр ч их болох вий.

“Хог хаягдлыг ангилан ялгах журам”-аа цаашдын ирээдүйнхээ хөгжлийн төлөө даган мөрдье.  Дахин ашиглалтад оруулах шаардлага тулгарсан,  ашиглах бүрэн боломжтой хог хаягдлын Цогц бодлого гэгчийг аялал жуулчлалын салбарын нэгж бүрийн холбоо хамааралтайгаар, бахархалтайгаар хэрэгжүүлэх цаг болжээ. М.Ган-Эрдэнэ