2018 оны 8-р сарын 22-ны Лхагва гарагт МБОИЗ-ийн Ногоон Парламентын ээлжит хурал боллоо. НП-ын хурлаар Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хүргүүлэх, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах журам, аргачлалд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал хүргүүлэх асуудлуудаар санал солилцож, тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулж, үр дүн гаргах талаар шийдвэрлэлээ.

НП-ын тэргүүлэгч гишүүн А.Оюунчимэг 2018 оны 8-р сарын 8-ны өдрийн Засгийн Газрын 32-р хуралдаанаар  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилзол”-ыг баталсан болон холбогдох “Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг танилцуулж, МБОИЗ-ийн зүгээс ямар арга хэмжээ авах талаар НП-ын гишүүдийн саналыг авлаа.

Хурлын шийдвэрээр Засгийн Газраас баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилзол”-ын тогтоолыг эсэргүүцэж МБОИЗ-өөс хэвлэлийн бага хурал хийх, холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх, олон нийтийн дунд уриалга гаргах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбай нь үнэт, өнгөт, ховор, хүнд металл болон нүүрс гэсэн хэтийн төлөвтэй байх нь. Энэ нь уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байна. Талбайн солбилцлыг баталснаар энэ онд 170 орчим талбайд сонгон шалгаруулалт зарлах юм. Өөрөөр хэлбэл сард хоёр удаа 25-30 орчим талбайн дундаж хэмжээ 5000 гектар/ талбайд сонгон шалгаруулалт явуулж улсын төсөвт 25 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Сонгон шалгаруулалтаар олгох 8.48 сая гектар талбай нь нийт нутаг дэвсгэрийн 5.56 хувь бөгөөд хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл, тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газар, улсын нөөцөд авсан талбайтай давхцаагүй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалын хавсралт болох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг баталсан байдаг. 2018 оны 8-р сарын 20-ны өдөр “Мэлбүри Капитал Монголиа”-ын байгаль орчны ахлах зөвлөх Т.Энхтулга МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэтэй уулзаж, одоогийн мөрдөгдөж байгаа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний (БОМТ) журмын хэрэжилтийг үнэлэх, өөрчлөлт оруулах талаар уузлаж ярилцсаны үр дүнд энэ удаагийн Ногоон Парламентын хурлаар хэлэлцэж, МБОИЗ-өөс оруулах саналыг Удирдах Зөвлөл болон НП-ын тэргүүлэгч гишүүдээс дотоод сүлжээгээр санал авч ажлын хэсгээс нэгтгэн бэлтгэхээр шийдвэрлэлээ. НП-ын дараагийн хурлаар дээрх асуудлуудын хэрэгжилтийн биелэлтийг хэлэлцэх юм.