Хотын бохирдол харшлын шалтгаан болж байна

0
1148

Урин дулааны улиралд нийслэлийн иргэдэд тохиолддог хүндрэлүүдийн нэг нь харшил. Хамар битүүрэх, нус гоожих, толгой өвдөх, арьсан дээр тууралт гарч загатнах зэргээр илэрдэг уг өвчний шалтгааныг иргэд тоос шороо, ургамалтай холбон, нийслэлийн ногоон байгууламжийг ч “хардан” буруутгах нь бий. Тэгвэл харшил үүсгэгч ургамалууд, түүнээс хэрхэн хамгаалах,  нийслэлийн ногоон байгууламж харшилд хувь нэмэр оруулдаг уу гэх асуудлаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулснаа хүргэж байна.

Улаанбаатарчуудын 68.3 хувь нь харшилтай

Нийслэлийн эрүүл мэндийн газрын  судалгаагаар Улаанбаатар хотын иргэдийн 68.3 хувь нь ургамлын тоосны шалтгаантайгаар амьсгалын замын харшлын өвчинд өртсөн байна. Тэгвэл харшил үүсгэгч ургамал ургах шалтгаан нь нийслэлийн агаарын болон хөрсний бохирдлоос үүдэлтэй аж.

Нийслэлд ургадаг 700 гаруй ургамлын 10 хувь нь харшил өгдөг бөгөөд бидний сайн мэдэх шарилж, луулийн төрлийн ургамалууд агаарт тоосжилт ихээр үүсгэгч, харшлын эх үүсвэрүүд ажээ.  Иймээс иргэд хашаан доторх хогийн ургамал, шарилжаа заасан хугацаанд зөв устгаж, ачуулах шаардлагатай аж.

Тухайлбал, шарилж, луулийн төрлийн ургамлуудыг 6.20-7.10, 7.25-8.10 гэсэн үе шаттайгаар тайрах ёстой бөгөөд үндсээр нь суга татаж биш газрын өнгөн хэсгээс дээш хайчлах ёстой юм байна. Үндсээр нь булга татсанаар тухайн хөрсөнд өөр ургамал ургахгүй болох, хөрс сийрэгжин, цөлжилт явагдахад хүргэдэг ажээ.

Иргэд тайрсан хогийн ургамлаа ихэвчлэн шатаадаг нь хурц үнэр, өтгөн утаагаар агаар бохирдуулан харшлыг сэдрээхээс гадна дээрх ургамлууд нь галд тэсвэртэй тул гал алдан хашаагаа шатаах зэрэг тохиолдол гардаг байна. Иймд нэгдсэн журмаар ачуулах, малын тэжээлийн журмаар малчдад өгөх, эмийн ургамал, будагч бодисын түүхий эд болдог тул холбогдох газар нь өгөхийг Хот тохижилтын ажилтан зөвлөж байна.

Ногоон байгууламжид харшил үүсгэгч ургамал байхгүй 

Хот тохижилтын газрын Ногоон байгууламж хариуцсан албаны дарга Д.Билэгсайхан “Бид нийслэлийн 25 гудамж талбайн ургамал, зүлэг, цэцгийн тариалалт, арчлалтыг хариуцан ажилладаг. Бутлаг ургамалыг гуравдугаар сарын 28-аас, зүлгийг тавдугаар сарын 20-оос, цэцгийг зургаадугаар сарын 2-оос тариалж эхэлсэн. Энэ жилийн хувьд нэг наст ургамал буюу цэцгийн тоог эрс багасгасан. Гэхдээ харагдах байдал, үзэмжийн хувьд өмнөх жилүүдийнхээс дордуулахгүй байхаар Япон технологийн дагуу тариалж байна. Бид ургамал тариалж, арчлахаас гадна хариуцсан гудамж талбайнхаа зэрлэг, хогийн ургамлыг устгах ажлыг давхар хийдэг болохоор харшил үүсгэгч ургамлын тоосонцор үүсгэх асуудал гарахгүй гэдгийг хэлье” гэлээ.

Ургамлын харшлын талаар эмч зөвлөж байна 

Хүүхдийн чих, хамар, хоолойн Их эмч, Доктор П.Ганчимэгийн зөвлөгөө:

Харшлын эмчилгээ нь иж бүрэн байх ёстой. Хооллолт, харшлуулагчаас зайлсхийх, түүнийг бие махбодоос гадагшлуулах, дархлааны өвөрмөц эмчилгээ, эмийн эмчилгээ зэргээс бүрдэнэ.
Ургамлын гаралтай зарим хүнс нь ургамлын тоосонцрын адил харшлын урвал үүсгэж болох тул хоол хүнсэндээ онцгой анхаарвал зохино.

Тухайлбал, зөгийн бал бүү хэрэглэ.  Модны тоосонд харшилтай бол, улаан лооль, киви, петрушка, хар чавга, лууван, интоор, алим, самар, тоор жимс идэж болохгүй.

Зэрлэг ургамалд харшилтай бол, шийгуа, тарвас, халва, наранцэцгийн самар, майонез, гич, хүрэн манжин, хаш зэргээс татгалз.

Үрт ургамалаас харшилтай бол, гурил, квас, улаан буудай, манны каш, пудинг, зайрмаг, эрдэнэ шиш, хиам, кофе орлуулагч бүү хэрэглэ.

Харшлын эмчилгээнд эмнээс дутуугүй ач холбогдолтой нэг чухал зүйл нь харшлуулагчаас зайлсхийх, түүнийг биеэс гадагшлуулах юм. Харшлын улирал эхэлмэгц ургамал ногооноос аль болох хол байхыг хичээ. Хаалга цонхоо хаалттай байлгах, чийгтэй самбай материалаар хаалт хийх, хүүхдэд чийгтэй амны хаалт зүүлгэх зэрэг нь ихээхэн ач холбогдолтой. Өглөөний агаарт ургамлын тоос их байдаг тул хаалга цонхыг өглөөгүүр биш орой, эсвэл борооны дараа онгойлгож байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх хэрэгтэй.

Гаднаас орж ирмэгцээ гараа угаах, хамар, хоолой, нүдээ зайлах, угаах нь ихээхэн ач холбогдолтой.

Харшлын илрэл арьсанд гардаг бол аль болох урт ханцуйтай цамц, даашинз, урт өмд өмсөх хэрэгтэй. Тасалгаанд  цэцэг ургуулах, амьд ба хатаасан ургамал байлгахыг хориглоно. Бусад өвчний эмчилгээнд ургамлын гаралтай эм бэлдмэл хэрэглэхийг түр азна.

Эмийн эмчилгээг эмч зааж өгөх ёстой ба хүүхдэд харшлын эмийг хяналтгүй, дураараа хэрэглүүлэх нь ихээхэн хор уршигтай. Ялангуяа хамрын дусаалгыг аль дайралдсаныг нь, эсвэл эмчийн тодорхой хугацаанд хэрэглүүлэхээр бичиж өгсөн дусаалгыг хяналтгүй удаан хугацаагаар хүүхдэд хэрэглүүлэх нь хамрын салст бүрхүүлийн хялгасан судсаар эргэлдэх цусны эргэлтийг саатуулж, эмийн ринит гэж нэрлэгдэх эмгэгт хүргэдгийг анхаарна уу.                                                                      Эх сурвалж: Time.mn