2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цэнгэг ус, байгалийн нөөц хамгаалах төвийн хурлын танхимд “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын хүнд металлын, хромын бохирдлыг бууруулах судалгаа”-ны  үр дүнгийн талаарх  хэлэлцүүлгийг Нийслэлийн Байгаль Орчны Газар (НБОГ), Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ) ТББ-аас зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл  (МБОИЗ), Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо (МАШҮХ) болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжлийн 30 гаруй хүмүүс  оролцож,  НБОГ-ын Хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болормаа нээж үг хэллээ. Улаанбаатар хотын нийт газар нутгийн 88% нь нянгаар бохирдсон талаар мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг.

 

МБОАБТ-ийн захирал, доктор Н.Эрдэнэсайхан анх тус судалгаа хийх санаачлагыг гаргаж НБОГ-аас дэмжин тодорхой төсөв гарган гүйцэтгэсэн байна. Судалгаагаар хүнд металлын болон бусад хортой бодисын түвшин манай орны хэмжээнд ямар байгаа болон бохирдлыг цаашид хэрхэн саармагжуулах гэдэгт гол анхаарлаа хандуулсан байна. Хромын бохирдлын хувьд Монгол Улсад хийсэн бусад судалгаатай харьцуулахад асар өндөр байгаа нь тогтоогдсон буюу хөрсний стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, хортой аюултай хэмжээнд очсоныг онцоллоо.

Доктор Н.Эрдэнэсайхан МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн бөгөөд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Түүнийг тэргүүлдэг Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв (МБОАБТ)ТББ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд орчны бохирдол, хими, биологи, гамшгийн менежментийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай 10 гаруй судлаачдаас бүрдсэн мэргэжлийн баг ажиллладаг.

Арьс ширний үйлдвэрлэл одоогийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны бүсэд 1934 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус дүүрэгт арьс ширний 26 үйлдвэр ажиллаж байна. Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо (МАШҮХ) хөрсний бохирдлыг бууруулахад технологийн шийдлийг хайж байна. МАШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан дээрх хэлэлцүүлэгт оролцсоноор судалгааны багийн зүгээс хөрсний бохирдлыг бууруулах олон үнэтэй зөвлөгөөг өгч байгаад талархаснаа илэрхийлээд, арьс ширний үйлдвэрүүд хөрсний бохирдлыг саармагжуулахад мод тарин, өнгөт хавтангаар үйлдвэрийн орчмыг хучих арга хэмжээ авдаг талаар мэдээллээ. Цаашид холбооны зүгээс Нийслэлтэй хамтарч үйлдвэрийн орчим оршин суугчид зорчдог 1 км орчим газрыг асфальтжуулах, бетонон хавтангаар хучих ажлыг санаачлах юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид судалгаа хийсэн багаас сонирхсон асуулт асууж санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийг хааж НБОГ-ын хэлтсийн дарга Б.Болормаагийн зүгээс “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын хүнд металлын, хромын бохирдлыг бууруулах судалгаа” хийсэн МБОАБТ-ийн захирал, доктор Н.Эрдэнэсайханд талархаснаа илэрхийлээд энэхүү судалгаа нь цаг үеэ олсон, цаашид өргөжүүлэх шаардлагатай төсөл болсоныг хэлээд төслийн байгууллагаас санал болгож буй хүнд металлын хортой чанарыг сармагжуулах арга нь Монголын нөхцөлд төсөв мөнгөний хувьд хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд хөрсний бохирдол ихтэй газарт нано технологийн аргаар хөрсийг ургамалжуулах, эрүүлжүүлэх боломжтой байдаг юм байна. Энэ аргачлалыг БНХАУ, Япон, Солонгос Улсуудад хэрэгжүүлж байна.

https://www.facebook.com/mnbmongoliinmedee/videos/292639414796149/UzpfSTMwNjg2NDIxOTQxNDU0OToxNzM0NTMxNzk5OTgxMTEw/