Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато нар тус улсын 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн Засгийн газар хооронд солилцох санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато “Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төслийн хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Япон, Монголын Засгийн газар нь Стратегийн түншлэлийн хэлэлцээрээ бэхжүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээндээ эдийн засаг, нийгэм, улс төр зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Шинзо Абэтай хэлэлцээр хийж хоёр орны Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхэд санал нэгдсэн. Байгаль орчны салбар бол хоёр орны хамтын ажиллагааны чухал салбарын нэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлдээ байгаль орчны салбарын хамтын ажиллагаагаа дурдсан. Мөн энэ үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн яамд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Манай улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Цэнэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг нээсэн. Харин энэ удаагийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын өвөрмөц экологийн системийг хамгаалах судалгаа хийх, шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулна” гэлээ.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай 1.8 ам.долларын буцалтгүй тусламжийн Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд Япон улсын Засгийн газар Монгол Улсын өнөөгийн нөхцөлийг бий болгоход нийт 2.8 тэрбум ам.долларын зээл, тусламж олгосон. Мөн төслийн бус чиглэлээр 195 сая ам.доллар олгож байсан. Өнөөдрийн энэ буцалтгүй тусламж бол цэвэр усны нөөцийг хамгаалах ажилд зориулагдах болно. АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах эх үүсвэрийг бий болгохоор болсон. Энэ бүх ажил хоорондоо уялдаатай явагдаж байгаа” гэж хэллээ.