Агаар, орчны бохирдлын эсрэг “Хүчээ нэгтгэе” чуулган 2019 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр боллоо.БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэсгийн ахлагч нар, сайн дурын ажилтнууд, ТББ-ын төлөөллийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, хяналт тавьж ажиллах боломжоор ханган хамтарч ажиллахаар боллоо.

Энэ ажил Чингэлтэй дүүргээс эхэлж байгаа бөгөөд тус дүүргийн 700 гаруй хэсгийн ахлагч, сайн дурын ажилтан, МБОИЗ-ийн гишүүн ТББ-ын 13 хүн тус чуулганд оролцлоо. Нийслэлийн төвийн 6 дүүргийн 200 гаруй мянган гэр хорооллын өрхийн 1 жилийн түлшний хэрэглээ 1,2 сая тонн. Хэрвээ өрх бүр дулааны алдагдлаа бууруулж гэр, байшингаа дулаалвал түлшний хэрэглээ жилд 30 хувиар буурах боломжтойг мэргэжлийн байгууллагууд тооцож гаргасан.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээ 2 дахин буурч 600 мянган тоннд хүрнэ. Тиймээс сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх арга, заавар, гэр байшингаа хэрхэн дулаалах талаарх мэдээллийг төвийн 6 дүүргийн 5000 орчим хэсгийн ахлагч, сайн дурын ажилтнууд иргэдэд өгч ажиллах нь бодит үр дүн гарах хамгийн чухал ажил юм. Өрх бүрт төрөөс хэрэгжүүлж буй агаар, орчны бохирдлын эсрэг зөв мэдээллийг тогтмол өгч ажилласнаар агаар, хөрсний бохирдлыг иргэдийн оролцоотойгоор бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Ирэх өвөл утаагүй байх эсэх нь иргэдийн оролцооноос шууд хамаарах болно.