Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (ЗГХМХ/IPCC)-той хамтран сүүлийн үед дэлхий нийтээр аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг, мэдээллийг холбогдох талуудад шууд хүргэж, цэвэр, ногоон нийгэм-эдийн засгийн хөгжил рүү шилжих явцыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2019 оны 04 дгээр сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “1.5°C – БИДЭНД ХУГАЦАА БАЙНА УУ !” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үндсэн зорилго нь:

  • Дэлхий нийтийг цочролд оруулсан, ЗГХМХ-ноос хамгийн сүүлд бэлтгэн гаргасан “1.5°C-ын дэлхийн дулаарал” нэртэй тусгай тайлангийн гол үр дүн, эдгээр нь Төв Азийн бүсэд хэрхэн нөлөөлөх, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн шийдлүүд юу байж болох талаар мэдээллийг тус тайланг боловсруулсан мэргэжилтнүүдийн оролцоотой шууд хүргэх,
  • Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэгийг дээшлүүлж, хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллээр хангах,
  • Аюулгүй, ногоон ирээдүйн төлөө олон талын оролцоог хангасан, уялдаатай, эрчимтэй хүчин чармайлтыг дэмжих,
  • Шинжлэх ухаан, шинжилгээ судалгаа, боловсролын салбарын мэргэжилтнүүдэд ЗГХМХ-ийн дараагийн 6 дугаар ээлжит үнэлгээний тайлан боловсруулах ажилд оролцож, хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөх байлаа.

Тус арга хэмжээнд МБОИЗ-ийн гишүүн ТББ-ын гишүүдээс болон шинжлэх ухааны эрдэмтэн докторуудаас  бүрдсэн төлөөлөл оролцлоо.