“ЗАЛАМТ ГОЛ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, БИТҮҮМЖИЛЛЭЭ.

     Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг Баянзүрх 11 дүгээр хороо, Налайх дүүргийн 4 дүгээр хороонд тус тус хаягдал хар тугалган аккумулятор боловсруулах үйл ажиллагаа  эрхэлж буй “Заламт гол” ХХК, “Хос даль” ХХК, “Болор аграмба” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Дээрх газрууд нь Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон дагалдах журам, стандартуудтай нийцэж байгаа эсэх талаар шалган тогтоох явцад байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болохуйц ноцтой зөрчлүүд илэрсэн тул “Заламт гол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, лацадлаа.

Мөн “Заламт гол” ХХК-ийн үйлдвэрийн ойролцоох орчны бохирдлын байдалд үнэлгээ хийж, ойр орчны хөрс, уснаас дээж авч хүнд металл, нян судлалын шинжилгээнд хамруулахаар зөвшөөрөгдсөн лабораторид хүргүүлэв.

Харин  “Хос даль” ХХК, “Болор аграмба” ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа бөгөөд байгаль орчинд учруулсан хохиролыг тооцож хуулийн байгууллагад шалгаж буй юм.