Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох яамд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хог хаягдлын менежмент” үндэсний форумыг “Хаягдалгүй эдийн засаг руу шилжих гарц ба шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Форумыг Монголын Хүүхдийн ордны найрал дууны мэндчилгээ болон Эко сургуулийн сурагчдын уриалгаар эхлэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нээж үг хэлэв.НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Биате Транкман мэндчилгээ дэвшүүлэв.Доорхи илтгэлүүд тавигдаж илтгэлтүүдтэй холбоотой “Панел хэлэлцүүлэг”-ийг тухай бүр нь хийж байлаа.
Хог хаягдлын менежмент, одоо ба ирээдүй: Н.Цэрэнбат: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Улаанбаатар хот дахь хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамж: хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун
3R буюу хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх нь: тулгамдаж байгаа асуудлууд:Монголын хог хаягдлыг дахин болосвруулах үндэсний холбооны Тэргүүн Д.Бямбасайхан
Хог хаягдлын менежмент дэх хувийн хэвшлийн оролцоо,үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлага /Видео танилцуулга:Марк Коэниг: Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч
Эко төлбөрийн тухай хуулийн төсөл: Танилцуулга:Т.Булган, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Нийслэл, орон нутгийн хог хаягдлын менежментийн чиглэлээрх санаачлага:“Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын Тэргүүн А.Нямдорж
Монгол Улсад хог хаягдлыг дарж булшлах үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал: Жишиг ландфилл цэг байгуулах ажлын талаар: Б.Дэлгэрбаяр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газар, “Хог хаягдлын ил шаталтын үйл ажиллагаанд боломжит арга, технологи, байгаль орчинд ээлтэй практик нэвтрүүлэх бүсийн төсөл”-ийн зохицуулагч
Хаягдалгүй эдийн засгийн загвар руу шилжих нь: Дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлага: Клаудиа Жиаковелли, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Эдийн засгийн асуудал хариуцсан газар, Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв (UNEP IETC), Хөтөлбөрийн мэргэжилтэн
Форумаас гаргах зөвлөмжийг танилцуулж, БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр уг арга хэмжээг хааж үг хэллээ.
Хог хаягдлын менежмент үндэсний форумд МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн Б.Батболд,ХХ-ны гишүүн Г.Төмөрмөнх, Гүйцэтгэх захирал Т. Мөнхдорж, АА-ны мэргэжилтэн Ч.Дулмаа, гишүүн байгууллагыг төлөөлж Хэрэглэгч сан ТББ Д.Оюунтуяа нар оролцлоо.
Манай улсад импортоор
- архи, согтууруулах ундааны шил жилд дунджаар 87,390,691 ширхэг,
- автомашин, өөрөө явагч хэрэгслийн дугуй 1,318,286 ширхэг,
- аккумулятор 210,317 ширхэг,
- ахуйн хэрэглээний зай хураагуур, батарей 6,459,757 ширхэг орж ирдэг байна.
Аккумулятор, баттарей бол байгальд булж устгах аюултай хог хаягдлуудын нэг . Гэвч орон нутгийн захиргаанаас аюултай хог хаягдлыг булж устгах газар, талбай гаргаж өгдөггүйгээс болж эдгээр хог ил задгай, байгальд маш их хэмжээний хохирол үүсгэж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэх ёстой гэдгийг хуралдааны үеэр төлөөлөгчид онцолж байсан юм.
Монгол улсын хэмжээнд 2018 оны байдлаар хог хаягдал төвлөрүүлсэн 390 цэгт 3,4 сая тонн хог хаягдал байгаа бол, зориулалтын бус газарт 150 мянган тонн хаягдаж, 22 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн аж.
Форумын үеэр хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн төлөөлөл үзэсгэлэн гаргажээ. Тодруулбал нийлэг уутыг дахин боловсруулж худгийн доторлогоо, түлхүүрийн оосор, яндангийн хаалт хийдэг, жижиг хаягдал цаасыг дахин боловсруулж зузаан цаасан хайрцаг хийдэг үйлдвэр, барилгын хаягдал чулуу цемент зэргийг дахин боловсруулж битон, зэрэг хогийг хэрхэн дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа талаараа олон нийтэд танилцуулж байсан юм.