“УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

0
1421

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг  2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэж байгаатай холбогдуулан “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулах хэлэлцүүлгийг БОАЖЯ-аас 2019 оны 05-р сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Засгийн газрын тогтоолын төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагуудыг оролцуулж санал авсан байна.

Хэлэлцүүлэгт БОАЖЯ, БХБЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЭХЯ, ТЕГ, МХЕГ, УСУГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа гэх мэт төрийн байгууллагуудаас гадна 2030 усны нөөцийн бүлэг, Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, судалгаа, шинжилгээний байгууллага ШУТИС, Монголын байгаль орчны  иргэний зөвлөл ТББ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, “АПУ” ХК, “Эм-Си-Эс Кока-Кола” ХХК, “Оюу толгой” ХХК, “Саусгоби сэндс” ХХК, бусад иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр хэлэлцүүлэгт оролцогчдоос дараах асуудал дээр нийтлэг саналуудыг илэрхийлсэн байна. Үүнд:

  1. Хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн тохиолдолд ногдуулах ус бохирдуулсны төлбөрийн хөнгөлөлтийн хувь хэмжээг 2025, 2030 он хүртэл Ногоон хөгжлийн бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан үе шаттай болгох байдлаар тогтоох
  2. Хаягдал усны стандарт, норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх төсвөөс санхүүждэг боловсролын байгууллага гэдэгт Шинжлэх ухааны байгууллага болох Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүдийг нэмж тусгах боломжийг судлах
  3. Улсын төсвийн санхүүжилттэй байгууллагуудын хаягдал усанд хийх чанарын хяналт шинжилгээний давтамжийг нэмэгдүүлэх, ялангуяа өрхийн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгүүд дээр сар бүр хяналт шинжилгээ хийдэг байх, хяналт шинжилгээний үр дүнг дараа сарын 15-ны дотор холбогдох газар хүргүүлдэг байх
  4. Ус бохирдуулагчийн хаягдал усны сорьц дээж авах хяналтын цэгийг тухайн орон нутаг дахь төрийн холбогдох байгууллага тогтоож өгдөг байх
  5. Говийн бүсийн усны сав газрын хэмжээнд усны эрдэсжилт байгалиасаа өндөр байдаг асуудлыг хэрхэн тооцож төлбөр ногдуулах тухай асуудлыг анхаарах талаар саналууд гарсан байна.