?

    Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс санаачлан Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр “Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл шалтгаан, илрүүлэх, таслан зогсоох, баримтжуулах, мэдээлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”  сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгууллаа.

    Сургалтанд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Дотоод хэргийн их сургуулийн Эрүүгийн эрх зүйн танхимын холбогдох мэргэжилтэн, багш нар ирж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

      Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс оруулах, хэрэглэхийг хориглосноос үүдэн ойн санд учирч болзошгүй эрсдэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, баримтжуулан мэдээлэхэд төрийн бус байгууллагын гишүүд, байгаль хамгаалагчдыг бэлтгэж, мэдлэг мэдээлэл олгосноороо сургалт ач холбогдолтой болсон.

      Тус сургалтанд Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагч, МБОИЗ-ийн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын 27 иргэн оролцлоо.