Ногоон парламентын 5-р сарын ээлжит хуралдааныг энэ сарын 29-ний өдөр  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруун хараа хотод амжилттай зохион байгууллаа.

МБОИЗ-ийн Ажлын албанаас нэгдсэн зохион байгуулалттайгаар автобус унаа гарган 23 хүний бүрэлдэхүүнтэй Ногоон парламентын гишүүд Баруун хараа хотод хүрэлцэн очсон.

Ногоон парламентын хуралдаанд  Япон оронд аялж, туршлага судалсан “Байгаль хамгаалахад туслах шүхэрчдийн холбоо” ТББ-ийн Гүйцэтгэх захирал А.Мядагмаа “Япон улсын Сафари паркын тухай”, “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ын Тэргүүн П.Давгадорж, Гүйцэтгэх захирал Т.Тунгалаг нар “Япон улсын хүлэмжийн аж ахуй, мод, ногоо тарих” талаар сонирхолтой танилцуулга хийж, аян замын сониноосоо хуваалцлаа.

Мөн “Хөгжилд хүрэх түншлэл” сүлжээ ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус сүлжээ нь 2014 оны 10-р сард “Хөгжилд хүрэх түншлэл” ГҮТББ болон 14 зөвлөх, ТББ, ойн нөхөрлөл, хоршоо, малчдын бүлэг, нөхөрлөлүүдийн 68 гишүүн байгууллагын төлөөлөлтэй ДДБОСангийн ЖТХ-т хамрагдсан 8 аймгийн 30 гаруй сумын төлөөлөлтэй, чадварлаг баг хамт олон болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр байгаль орчинд хор хөнөөлгүй арга туршлагыг ашиглах замаар нөхөрлөлүүд өөрсдийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгох, нөхөрлөлүүдийг хамтран ажиллаж, хамтдаа түншлэн хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Манай МБОИЗ-ийн идэвхтэй гишүүдийн нэг Баянгол сумын иргэн Д.Төмөр-Очир нь 2015 оноос эхлэн Хараа голын дагуу ургасан бургас модыг хамгаалж 7,1га газрыг өөрийн хөрөнгөөр хашаа барьж хамгаалсан. Одоо нэмж 2,9га газрыг өөрийн хөрөнгөөр хашаажуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.