ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ:Монгол улсад удахгүй усны төлөөх дайн эхлэх аюул нүүрлэлээ

0
817

2021 оны 12-р сарын 14-ний өдрийн 10цаг 30 минутаас Монгол Ньюс мэдээллийн төв дээр МБОИЗ ТББ-аас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө. Хуралд МБОИЗ-ийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал нар оролцсон бөгөөд  мөн Хяналтын хорооны дарга хяналтын үүргээ гүйцэтгэв. Хурлыг нээж шинээр сонгогдсон тэргүүн С.Амгаланбаатар хэлэхдээ: Манай улс сүүлийн 70 жилд байгаль орчны асуудлыг хойш тавьж хойрго хандаж ирлээ.  

  • Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөрөө Антарктидийн дараа орж 2,1 градусаар нэмэгдсэн буюу дэлхийн дунджаас 2 дахин хурдтай эрчимтэй дулаарч байна.

Харин нийт газар нутгийн 80 гаруй хувь нь тодорхой зэрэглэлээр цөлжин, газрын доройтолд өртөв.

  • Улсын хэмжээнд 40 жилийн өмнө жилд 2-9 удаа болдог байсан шар түйрэн одоо жилд 50 өдөр болж огцом нэмэгдсэн бол 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 255 болж сүүлийн 10 жилд найм дахин нэмэгдэв.
  • 2019 оны тооллогоор 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэсэн нь тухайн орон нутгийн амьжиргаа, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлсөөр байна.   

Өнгөрөгч долоо хоногт байгаль орчны чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг, нийслэлийн  200 гаруй ТББ болон энэ салбарын байгууллагууд хамтарч Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл (МБОИЗ)-ийн YII чуулганыг “Цэнхэр алт- ногоон хэрэм” сэдвийн дор зохион байгууллаа.  

Гэтэл Монгол улсын усны эх цэвдэг бүхий газрууд болох Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Төв зэрэг аймгуудад 2011 оны байдлаар нэр бүхий 138 компаний 246 алтны шороон ордын лицензтэй газруудад байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэхэд анхны үнэлгээ 3 их наяд төгрөгийн хохирол  байдаг. Эдгээр газруудад шаардлага хангах түвшний нөхөн сэргээлт хийсэн газар байхгүй байхад эдийн засаг сэргээх нэрээр “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарч өнөөдөр алдаагаа засалгүй 5 засгийн газар дамналаа.  Үүний нөгөө талд хуртай нэг жилд 1 мм л нөхөгддөг Говийн гүний цэвэр ус уул уурхайн олборлолтуудаас үүдэн маш хурдтайгаар шавхагдаж байгаа хэдий ч мөн л усны эх үүсвэр болон тухайн газрын эко системд анхаарсан дорвитой зүйлс хийгдэхгүй байна.

Харин Говийн гүний усны нөөц дуусч буй тул анхдагч эх үүсвэрүүдээ хамгаалахгүйгээр Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг эрчимтэйгээр ярьж эхэллээ.  

ЧУУЛГАНААС ГАРСАН ШИЙДЭЛ, ЗӨВЛӨМЖ:

  1. Усны нөөцийн амин чухал асуудал болох олон мянган гол горхиудын эх үүсвэр болох цэвдэгтэй газруудыг тусгай хамгаалалтанд авах,
  2. 2009 онд батлагдсан ч 2015 онд нэмэлт өөрчлөлт нэрээр хэрэгжих боломжгүй болгосон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг сэргээж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагууд тулгарч байна.

2021 оны 12 сарын 07-ны өдрийн Үндэсний 7-р чуулганаар МБОИЗ-ийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн, төрийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа шинэ түвшинд аваачих болон байгаль орчны төлөө иргэд, ААН-үүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.