Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ (МБОИЗ), харилцан тохиролцож байгаль орчны салбарт иргэний оролцоотой байгаль хамгааллын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичгийг (2022.04.28) байгуулав. Санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Амгаланбаатар нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад иргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах замаар оролцоог хангаж, хамтран ажиллана.

Мөн дараах зарчмыг баримтлахаар тусгасан байна. Үүнд 1. Хараат бус, ашиг сонирхлоос ангид байх; 2. Ил тод тайлагнах; 3. Олон талт түншлэл, иргэдийн оролцоонд тулгуурлах; 4. Орон нутгийн иргэдийн туршлага нөөц чадавхийг дэмжих; 5. Улс төрийн нөлөөллөөс ангид байх;6. Харилцан итгэлцлэл, бие биенээ хүндэтгэх зэргээр тусгаж хамтын ажиллагааны үндсэн чиглэлээ.

Хамтын ажиллагааны чиглэлийг дараах байдлаар тодохойлжээ. Тодруулбал, • Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, харилцан мэдээлэл солилцох, иргэдэд хүргэх;

• Байгаль орчны тулгамдсан асуудлаар иргэдийн дунд соён гэгээрүүлэх, хэлэлцүүлэг, сурталчилгааг хамтран зохион байгуулах; • Хүрээлэн буй орчны бохирдол болон хог хаягдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах; • Ойн нөөцийг нөхөн сэргээх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, гишүүн ТББ-уудаас үндэсний сургагч багшаар бэлтгэгдэх, гишүүн ТББ-уудын мод үржүүлгийн газруудын ололт, амжилт, туршлагыг хуваалцах, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ТББ-ыг дэмжин сурталчлах, хамтран ажиллах; • Байгальд ээлтэй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн саналыг дэмжиж хамтрах; • Эко системийн онцлогт тохирсон шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг инновацийг туршин нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах; • Усны эх, цэвдэг, ойн санг хүний буруутай үйл ажиллагаанаас хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтэд үнэ цэнийг таниулан сурталчлах; • Байгалийн хязгаарлагдмал нөөцийн зохист хэрэглээг тодорхойлох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.