Дэлхийн байгаль орчны өдрийг угтан ундны ус, цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, гадаргуугийн усыг хуримтлуулан ашиглах нөөцийг арвижуулах, хаягдал усаа дахин боловсруулан ашиглах замаар ойжуулах, усжуулах, гол мөрөн, ой модоо хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 2022 оны 6-р сарын 3-нд “ОЙЖУУЛАЛТ БА УСЖУУЛАЛТ” үндэсний зөвлөгөөн нь өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа.
Учир нь Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн төрөлхтөн, 1,2 сая ан амьтад, 1,5 сая төрөл зүйлийн шавьж болон өвс ургамал мод бүгд “ШИНГЭН АЛТ”–аар тэтгэгдэн оршин тогтнож байна. Дэлхийн гадаргуун 70,8% уснаас бүрддэг гэх боловч, үүнээс 97,5% нь хэрэглээнд ашиглах боломжгүй давсархаг ус, үлдсэн дөнгөж 2,5% нь ундны цэнгэг ус юм. Монгол улс дэлхийн 145 орноос цэнгэг усны нөөцөөрөө 22-т жагсдаг бөгөөд энэ нь усны нөөц багатай гэх ангилалд багтдаг. Манай орны газрын нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргээх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилдэг.
Улмаар сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд Монгол орны агаарын жилийн дундаж хэм 2.24 хэмээр дулаарч, газар нутгийн 90% орчим цөлжилт газрын доройтолд нэрвэгдэх эрсдэлд орсон. Гэтэл бид өнөөдөр усны хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гүний ус буюу цэнгэг усаар хэрэглэж байна. Тиймээс бид яг одоогоос ундны ус, цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, гадаргуугийн усыг хуримтлуулан ашиглах, хаягдал усаа дахин боловсруулан ашиглах замаар ойжуулах, моджуулах, усны эх ундаргаа тэтгэх хамгаалах, сэргээх нэн шаардлагатай болоод байна. Иймээс бодлого төлөвлөлт, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Тэрбум мод тарихад юунд анхаарах, яаж төлөвлөн тарих, ойжуулах, усалгааг яаж шийдэх, мод тарих ажилд олон нийтийг хэрхэн амжилттай оролцуулах, Агро-ойжуулалт, хүлэмжийн аж ахуйг хэрхэн амжилттай эрхлэх, жимс жимсгэнийн мод бут сөөг тарихад юуг анхаарах, дотоод болон олон улсын сайн туршлагууд гэх мэт үр дүнтэй харилцан мэдлэг туршлагаа хуваалцсан, цаашид гарах гарц шийдлээ зөвшилдсөн, улмаар мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын аргазүйн зөвлөгөөг сонсох сайхан боломжууд гарсан зөвлөгөөн зохион байгуулав.
Ийнхүү Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс зохион байгуулсан үндэсний зөвлөгөөнд Монгол улсын ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын мэргэжилтэн А.Цээпил, Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Доктор Д.Цэндсүрэн, Монголын усны түншлэл ТББ-ын тэргүүн, доктор Д.Басандорж, Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн, МУ-ын гавьяат эдийн засагч Д.Насанжаргал, МБОИЗ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, MY CLUB-ын тэргүүн Д.Сэрдарам, МУИС-ийн ахлах багш З.Мөнхцэцэг, ХААИС-ийн инженерийн сургуулийн дэд проф Х.Мөнхтуяа, МИКРОСИТИ ИРРИГЭЙШН ХХК-ны захирал Нямхүү болон байгаль орчны бусад ТББ-ууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд, салбарын сэтгүүлчид, идэвхтэн иргэд хамтран оролцлоо.