Харзлай шувууны тухай

0
160

Өвлийн цагт хүүхдүүдээ дагуулан агаарт алхахдаа Туул голын хөвөөнд очих үедээ харзтай газарт шумбах Харзлай хэмээх шувууг харуулаарай.

Энэ шувуу цэнгэг устай, гол, горхины ёроолын хурдас, чулуулаг дээр буй хоовгоно, өдөрч зэрэг шавьжийн авгалдайгаар идэшлэдэг. Иймд энэ шувуу байгаа газар цэнгэг устай шүү гэдгийг бидэнд хэлдэг юм даа хэмээн үр хүүхдүүддээ тайлбарлаж өгөөрэй! Ундны ус бохир болох аваас бидний эрүүл мэнд доройтох болно гээд хэлээрэй. Тэд бол элдэв буруу зүйлээр бузартаагүй ариун, сийрэг тархитай шүү дээ. Таны хүүхэд хүн, байгал хоорондын зохист уялдааг эрт таних аваас, тэдний ирээдүй гэрэлтэй байх болно.

Зургийн тодорхойлолт алга байна.

Харзлай шувууны тухай: Түүний шинжлэх ухааны нэр Cinclus cinclus, харин англи түгээмэл нэрийг Dipper гэх. Дэлхийн дайд харьцангуй түгээмэл тархацтай энэ шувууг урсгал усны химийн өөрчлөлтийг маш сайн мэдэрдэг-илтгэгч зүйл шувуу хэмээн судлаачид (Ormerod et Tyler, 1993; Logie et al., 1996; Sorace et al., 2002) онцлон тэмдэглэсэн байдаг. Их Британи улсын олон голын сав газарт удаан хугацаанд хийсэн ажиглалт судалгааны явцад гол, урсгал усны хүчиллэг (pH<7) агууламж руу хандсан газар нутагт харзлайн нийт популяцийн хэмжээ 80-90 хүртэл хувиар буурч байжээ (Ormerod et Tyler, 1987). Итгэхэд бэрх ч харзлай шувуу усан дотор бараг л нисэж чадна. Тэрээр өвөл цагт голын харзтай хэсгийг бараадан амьдрах бөгөөд гүнзгий усанд шумбан хоёр далавчаа дэвэн ёроолд нь хүрээд чулуун дундах авгалдайг шүүрэн авч буцаж эргэн дээр гарч ирээд гөрөөлөө гэрнээс нь суга татан авч хооллоно. Харзны харгиатай хэсэгт бол урсгал сөрөн алхах бөгөөд далавчаа хагас хумхин урсгал сөрөн маш хурдтай явж чаддаг. 🇳🇴Харзлай шувуу нь Норвеги улсын үндэсний бахархалт шувуу. Норвегичуудын хэцүү орчинд амьдрах чадварыг сайн илтгэх шувуу учраас ийнхүү хайрлагдах болжээ.

May be an image of sea bird and spotted sandpiper

Туул гол, 2023 оны хавар цаг Эх сурвалж: Batsaikhan Nyamsuren фэйсбүүк хуудас.