Эдүгээ цагийн ээж, аав нард дайх удаах үг-2

0
416

Эрхэм та бүгд цэвэр агаар, хүний хөлөөс зайд газар очиж буй нь мэдээж. Умардын ойд очихдоо хүүхдүүдээ чаргаар гулгуулж, тэдэнд сайхан наадах боломж гаргахад ойн гүн рүү хэдхэн зуун метр алхаад, шоргоолжын овоохой тохиолдоно доо. Хэдхэн минутын цаг зараад, хүүхдүүдээ харуулж байгаад, энэ овоохойн тухайд хэлээрэй. Юун тухай вэ? Шоргоолж хэмээх өчүүхэн биетэй шавьж бидний амьдралыг хэрхэн тэтгэдэг тухай хэлээрэй, эрхэм ээж, аав, эмээ, өвөө нар аа! Шоргоолж гэгч шавьж: Тухайн оршин буй экосистемд инженерийн үүрэг гүйцэтгэнэ. Сийрүүлэх аваас: – тэд үе үе олширдог хөнөөгч шавьжийг идэж тоо толгойг нь зохицуулдаг – тэд элдэв ургамлын үрийг түгээнэ – тэд үхсэн ургамал, амьтдын зэмийг идэж, хөрс рүү эрдэс, энерги болгон, уусгана – тэд ургамлын тоос хүртээж, үржлийг нь тэтгэнэ – тэд өгөөжтэй эсхүл уршиг дагуулдаг мөөгийг тэтгэнэ, эсхүл иднэ – Тэд экосистемийн инженер тул: физик, хими, биологийн элдэв үйл ажиллагаанд оролцоно. Жишээлэн хэлэх аваас: – физик талаас бол: хөрсний гүн рүү хоёр хүртэл метр хонгил яргаж, хөрсний чийг, температурыг зохицуулахад оролцоно, – хөрсний механик бичил хэсгүүдийг ялгана, – Хими талаас: хөрсний pH саармагжуулах, азот, фосфор зэрэг ургамлын ургалтад чухал шаардлагатай элэментийг нэмэгдүүлнэ, – Биологи талаас: хөрсний бичил организм бактерийг тэтгэж, шимт органик бодисын хуримтлал бий болгох гэх мэт.

Шоргоолжоор элдэв шувууд үр төлөө хооллож, бойжуулахын зэрэгцээ өөрсдөө иддэг. Энэ өчүүхэн шавьж бидний дурлан очдог ойг ийн тэтгэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр, шоргоолжыг хайрлая хэмээх үгийг л тэдэнд хэлээрэй. Хүүхдүүд дэндүү ухаалаг нэгэн, нэг удаа сайтар ойлгуулаад л болно доо. Тэр үг хэдэн үе дамжих биз ээ. Миний эмээгийн хэлсэн үг дамжаад л буй… Умардын ой, Бага баян, 2023.02.15 Эх сурвалж: Batsaikhan Nyamsuren ФБ.