“Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” бүлгийн уулзалт боллоо.

0
344

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос санаачлан 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Усны газар, Цаг уур орчны шинжилгээ, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, МБОИЗ зэрэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын хүний эрх хамгаалагчдыг оролцуулан ХЭҮК 23 дахь илтгэлийн “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” бүлгийн хүрээнд санал солилцлох хэлэлцүүлэг зохион байгууллав.

Хэлэлцүүлгийг нээж Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээл, эрсдэл тэдгээрийг даван туулах арга замын талаар санал бодлоо чөлөөтэй солилцохыг хүсээд 2023 онд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.

ХЭҮК нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасны дагуу хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдлыг жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгахаар заасан.

Энэ хүрээнд “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-тай хамтран Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн болон байгаль орчны асуудлаар ажилладаг хүний эрх хамгаалагчид, байгаль хамгаалагчид, экологийн цагдаа зэрэг 950 орчим төлөөллийг оролцуулан “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” судалгаа хийлээ. Судалгааны үр дүнд тулгуурлан дээрхи хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний саналын хамт Комиссын 23 дахь илтгэлд тусган Улсын Их Хуралд танилцуулахаар ажиллаж байна.

Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны хэлбэр, онцлог, байгаль орчны хүний эрх хамгаалагчдын голлох үүрэг, ач холбогдол, хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, хамгаалалтын талаарх олон улсын хэм хэмжээ болон Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, баримт бичигт тусгагдсан байдалд хийсэн дүн шинжилгээний үр дүнг Цогц хөгжлийн үндэсний төвөөс хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.

МБОИЗ-ийн гишүүдэд тулгарч буй асуудлуудыг өмнө уулзалтаар хэлэлцсэн бөгөөд тус зөвлөмжид тусгасан эсэхэд анхаарч оролцов.

Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, саналыг УИХ-д хүргүүлэх Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” бүлэгт тусгах юм.