МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн хурлыг нээлттэйгээр зарлаж ногоон парламентын гишүүд, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 19 хүн хуралд ирж, Удирдах зөвлөлийн гишүүдийн 55,5 хувийн ирцтэйгээ хурлаа эхлэн 2018 оны 1-р хагас жилийн үйл ажиллагаа, Санхүүгийн тайланг Тэргүүн Б.Эрдэнэ болон Гүйцэтгэх захирал Ч.Хонгорзул нар танилцууллаа.
Мөн Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 2017 болон 2018 оны 1-р хагас жилд хийсэн ажлын тайлангаа тавьж, Үндэсний 6-р чуулган хуралдуулах бэлтгэл ажлын тухай, МБОИЗ-ийн 10 жилийн ойн бэлтгэл арга хэмжээний тухай хэлэлцэж, 2018 оны 2-р хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцан цаашид хийгдэх ажлуудын талаар хэлэлцлээ.
Хуралд оролцсон гишүүн төрийн бус байгууллагуудын төлөөлөл өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хийх ажлын талаар Удирдах зөвлөлийн болон бусад гишүүн байгууллагуудад танилцуулан харилцан санал солилцлоо.
Удирдах Зөвлөлийн дарга, МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад, иргэд, ТББ-ын оролцоотой хийх бүтээлч ажлын хүрээнд МБОИЗ-ийн гишүүн ТББ-дын оролцоотой загвар “Ногоон-хашаа“ бий болгож, иргэдийн дадал хандлагыг өөрчлөх замаар амьдрах орчноо сайжруулах ажлыг дэмжих, сайн туршлага бий болгон, түгээн дэлгэрүүлэх зорилготой жижиг төсөл эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд орших 10 хашааг МБОИЗ-ийн гишүүн ТББ-уудын саналыг үндэслэн сонгож, гэр хороололд амьдардаг иргэдийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх загвар “Ногоон хашаа” бий болгох хамтын ажиллагаа эхэллээ. Төсөлд хамрагдсан хашааг сонгохдоо агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хороололд сүүлийн 5 жил тогтвортой амьдарч ирсэн оршин суугч байх, МБОИЗ-ийн гишүүн, гишүүнчлэлийн татвараа тогтмол төлдөг, хөршүүддээ туршлагаа хуваалцаж, сургалт явуулан манлайлж, ногоон гудамж бий болгоход хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүд дээр тулгуурласан болно.
Удирдах Зөвлөлийн Гишүүн Д.Басандорж бохирусыг цэвэрлэх, усаа эргүүлэн ашиглах технологи болон эрчим хүчний хэмнэлттэй халаалт, халуун ус, эко жорлон зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон шийдлүүдийг “Ногоон хашаа сайн туршлага” төслийн 10 оролцогчдод танилцуулж, төслийн сургагч багшийн хувиар тэдгээр гэр хорооллын айлуудад очиж газар дээр нь зөвлөгөө өглөө. Төсөлд хамрагдсан айлууд зөвлөгөөний дагуу эрүүл, цэвэр, эко амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нүхэн жорлонгоо 2018 оны 6-р сарын 15-ны дотор өөрчлөхөөр боллоо.
Удирдах Зөвлөлийн Гишүүн Н.Эрдэнэсайхан “Ногоон хашаа сайн туршлага” төслийн хүрээнд “Монгол орны байгаль орчны хяналт шинжилгээ ба иргэний нийгмийн үүрэг оролцоо” сургалт явуулж, өөрийн Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын орчны бохирдол, хими, биологи, гамшгийн менежментийн чиглэлээр 2018 онд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг рентген флуоросенцийн (xrf) багаж ашиглан судалгаа хийсэн байна.
Удирдах Зөвлөлийн Гишүүд Д.Гэрэл, С. Амгаланбаатар нар БОАЖЯ-ны дэргэд тусгай агнуурын асуудлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсэгт ажиллаж байна.Тус ажлын хэсэг нь агнуурын бүс нутгуудын менежментийн төлөвлөгөө, менежмент хариуцагч, зуучлагч, нөхөрлөдүүдийн ажлын уялдаа холбоо, менежсментийн төлөвлөгөөний болон хууль журмын хэрэгжилтэнд хийх мониторинг хяналтын чиглэлээр ажиллах юм.
Удирдах Зөвлөлийн Гишүүн Д.Гэрэлийн “Монголын мэргэжлийн анчдын холбоо” -ноос “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр”-өөр хандивласан модны 80 суулгацыг Гандангийн Дашчойпилхийдийн урд талбайг тохижуулсан.
Удирдах Зөвлөлийн Гишүүн Ж.Ганбаатар “Ноёнуулаа аврах хөдөлгөөн”-ий Улаанбаатар дахь төлөөлөгчөөр ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын ашигт малтмал олборлох эрхийн лицензийг авахаар санаархаж буй “Сентерра Гоулд” ХХК, тус хайрханыг аврах хөдөлгөөн, ард иргэдийн хооронд үүссэн тэмцэл Монгол Улсын шүүх засаглалын түүхэнд анх удаа 34 дэх удаагаа хойшилж, дээд “амжилт” тогтоосон.
Эргэн сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон. Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.